ХХААХҮЯ-наас хэвлэл мэдээллийн байгууллагынхныг арьс, шир боловсруулах зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай өчигдөр танилцууллаа. Энэ үеэр цэвэрлэх байгууламжийн хүчин чадал муу учраас агаар, орчны бохирдол үүсгэж буйг үйлдвэрлэгчид хэлэв.
Тодруулбал, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Д.Баярсайхан “Үйлдвэрүүдийг битүүмжлэл сайтай, үнэргүй байлгах тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдэд мэдрэгдэж буй таагүй үнэр бол “Харгиа” цэвэрлэх байгууламжаас гардаг. Тиймээс “Харгиа”-д технологийн шинэчлэл хийж, агаарын бохирдлоос сэргийлэх талаар олон жил яриад амжилт алга” гэсэн юм. Мөн арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг хотын төвөөс нүүлгэсний дараа нийслэлийн ЗДТГаас Дэлхийн банкны санхүүжилтээр тухайн орчны хөрсний бохирдлыг арилгахад анхаарч ажиллах гэнэ. Хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор асфальтан зам тавин, зүлэг, мод ургуулах аж.
Тэгвэл “Мон Ирээдүй” компанийн захирал А.Ганбилэг “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах ихэнх үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламжтай. Манай компанийн хувьд өдөрт 300 шоо метр ус цэвэршүүлдэг. Тиймээс агаар, хөрсний бохирдолд бид нөлөөлдөггүй гэхэд болно. Гол нь Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулж, технологийг нь шинэчлэх хэрэгтэй” хэмээв.