Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд тавдугаар сарын 5-ны байдлаар 21 байршилд 282 гарааш чөлөөлөөд байна. Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлөх бөгөөд нийт талбайн хэмжээ 5251 ам метр юм.
Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгсөн. Нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арго технологийн дагуу гүйцэтгэнэ. Тодруулбал, 20 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт хийж, 512 мянган цэцэг, 95 мянган бут сөөг, 2100 шилмүүст мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ. Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврын өглөө. Тухайлбал,
Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулж, зөвшөөрөл олгох хурлыг 2023 оны тавдугаар сарын 15-наас олон нийтэд нээлттэй шууд дамжуулах ажлыг зохион байгуулах.
Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, бүрэн биелүүлж, хэрэгжилт, үр дүнг аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдэгдэж, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангаж ажиллах.
Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт, үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлэх.
Зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалт, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын аюулгүй байдлыг хангуулж, ил задгай цахилгаан, кабелын утсыг цэгцлэх, гэмтэлтэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг засварлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Инженерийн шугам сүлжээний худгуудын тагны иж бүрэн, аюулгүй байдлыг шалгах, явган хүний зам дээрх худгийн өндөржилт, түвшинг тэнцүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
Үндэсний их баяр наадам, Олон улсын тэмцээн уралдаан, олныг хамарсан арга хэмжээний үеэр гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, цахилгааны нөөц эх үүсгүүр, насос, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, аюулгүй нөөцийг бүрдүүлж ажиллах.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах. Мөн өнгөрсөн жил хэдэн мод тарьснаас хэд нь ургасан талаарх мэдээллийг танилцуулах.
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч, хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.