АНЭУ-ын Дубай хотноо тавдугаар сарын 5-9-нд Азийн оюутны спортын холбооны (АОСХ) 4-н арга хэмжээ болох АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, ОУОСХ-АОСХ-ны “Стратегийн ярилцлага” хэлэлцүүлэг, АОСХ-ны 30 жилийн ойн Гала арга хэмжээ, АОСХ-ны 12 дугаар Ерөнхий Ассамблейн Чуулган нь нэгэн зэрэг явагдаж дууслаа.
АОСХ-ны 30 жилийн ойн арга хэмжээний үер амжилттай ажилласан хэд хэдэн үндэсний оюутны спортын холбоодод шагнал гардуулах ёслол болж, Монголын оюутны спортын холбоонд (МОСХ) “Азийн оюутны спортын шилдэг холбоо”-ны мөнгөн цом, өргөмжлөлийг гардуулан өгчээ.
МОСХ-ны баг тамирчид нь 2005-2022 онд болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах 24-н спортын төрлийн 54-н удаагийн тэмцээнээс 41 тэмцээнд нь 524 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүсийг бэлтгэн, зохион байгуулан оролцуулжээ. Түүнчлэн ширээний теннис (2008), эмэгтэй волейбол (2012), эрэгтэй сагсан бөмбөг (2016) онд зэрэг Азийн 3-н оюутны АШТ-ийг Улаанбаатар хотноо хүлээн авсан байна. Тивийн оюутны АШТ-нд идэвхтэй оролцсон байдал, төлөөлөгчдийн тоогоороо Азийн орнуудаас БНХАУ-ын дараа Монгол Улс хоёрдугаар байрт шалгарсан амжилтыг ийнхүү үзүүллээ.
Монголын оюутны баг тамирчид Азийн оюутны аварга шалгаруулах бокс, дугуй, карате, таеквондо, хөнгөн атлетик, эмэгтэй волейбол, эрэгтэй сагсан бөмбөг,, чирлидинг, шатар, 3х3 сагсан бөмбөгийн 10-н спортын төрлийн 24-н удаагийн Азийн аваргын тэмцээнээс 12 алт, 12 мөнгө, 27 хүрэл нийтдээ 51 медаль хүртсэн өндөр амжилт гаргасан байна. Харин АОСХ-ны ээлжит 12 дугаар Ерөнхий Ассамблейн Чуулганаар тус холбооны 2023-2027 онд ажиллах шинэ Гүйцэтгэх хороог сонгон баталжээ. Энэ үер АОСХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д. Жаргалсайхан сонгогдсон байна.
Тэрээр өмнө нь тус байгууллагын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба ийнхүү дэвшин сонгогджээ. Тус байгууллагын Гүйцэтгэх хороо нь 13 гишүүнтэй бөгөөд Ерөнхийлөгчөөр нь БНХАУ-ын иргэн Лю Лишин сонгогдсон ба хэд хэдэн албан тушаалд шинэ нэр дэвшигч нар ялалт байгуулж, бүрэлдэхүүний 50 % өөрчлөгдсөн байна. Ийнхүү Ази тивийн 41 орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томлохон спортын байгууллагад Монгол Улсын нэр хүнд өсч, манай улсын иргэн дээгүүр албан тушаалд сонгогдсон нь манай улсын Оюутны спортын холбооны үйл ажиллагааг Ази тивд өндрөөр үнэлсэн хэрэг болжээ.