“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийг хууль сахиулах байгууллагад шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл Б.Ганхуягтай хамт тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан, Монголын оюутны холбооноос гаралтай нөхөд нь бүгд шахам хэргээс зугтаж, түүнд л бүх бурууг тохож буй гэх яриа эл компанийн хуучин ажилтнуудын дунд яригдах болов. Тухайлбал, “Бүрэн эрхт төлөөлөгч томилогдохоос өмнө сард 10 гаруй сая төгрөгийн цалин авдаг байсан эрхмүүд одоо ганц хүнд бүх бурууг тохоод хариуцлагаас мултарч байгаа нь шударга явдал гэж үү. Гүйцэтгэх захирал болон түүнийг дэмжиж томилуулсан улстөрчид хариуцлагад татагдан шалгуулж байхад түүний багт багтсан МОХ-ны гаралтай нөхөд буцаад ажилдаа орно гэж явааг ойлгохгүй байна” хэмээн ярилцаж байх юм.
Тус компаниас чөлөөлөгдсөн хүмүүс нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Засгийн газраас 2022 оны аравдугаар сард бүрэн эрхт төлөөлөгч томилж, улмаар өнгөрсөн сарын 21-нд онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгасан билээ. Энэ компанид томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хуулийн хүрээнд өмнөх гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байсан, хууль зөрчсөн байж болзошгүй хүмүүсийг чөлөөлсөн гэдэг. Гэвч чөлөөлөгдсөн хүмүүс шүүхэд хандаж, эхнээсээ шүүх хурал нь болж, бүрэн эрхт төлөөлөгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ажиллаж байна гэж дүгнэн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож буй аж.
Шүүхэд хандсан хүмүүс хөдөлмөрийн хуульч гэх Ц.Мөнхбатаар эрхээ хамгаалуулсан ч эхнээсээ амжилт ололгүй ялагдаж байгаа гэнэ. Гэтэл мөнөөх өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ хуурч, өмгөөлөгчийн ёс зүйгээ умартаад зогсохгүй, улстөрч, сайдын нэр барьж буй аж. УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учралын зөвлөх гэж тэрбээр өөрийгөө танилцуулж, түүгээр ч зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчтэй тохиролцсон хэмээн ярьж байгаа нь өмгөөлөгч хүнд байж боломгүй үйлдэл гэлтэй. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Өмгөөллийн тухай хуулийн 14.1.4-т “Өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх”, 15.1.3-т “Үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг, маргааны бодит байдлыг нуун дарагдуулах”-ыг хориглохоор хуульчилсан.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас халагдсан нөхдийн өмгөөлөгчөөр ажиллаж буй эрхэм өмгөөллийн үйл ажиллагааны явцад олж авсан байгууллагын нууцтай холбоотой мэдээллээ энд тэнд сургалт хийх нэрээр задруулж явааг ч шүүмжлэх ажилтнууд байна. Бас болоогүй хэрэг маргаанд ялагдмагцаа бусдын нэрийг барьж үйлчлүүлэгч нараа хуурахыг оролдох болсонд зарим нь унтууцаж буй юм билээ.
Бэлтгэсэн: Д.Дайчин