Аймгийн Засаг даргын 2005 оны захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар багт иргэн “Д” болон түүний хамтран өмчлөгч нарт 700м2 газрыг, 2012 оны захирамжаар иргэн “Э”-д 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус өмчлүүлж, эрхийн гэрчилгээ олгожээ.
Иргэн “Д” нь “Т” компанийн 60.87 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “2012 онд буюу биднийг газраа өмчилж авснаас хойш 4 жилийн дараа манай өмчлөлийн газрыг давхардуулан авсан” гэж,
иргэн “Э” нь “Т” компанийн 60.87 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “2012.10.19-ний өдөр буюу биднийг газраа өмчилж авснаас хойш 14 хоногийн дараа манай өмчлөлийн газрыг давхардуулан авсан” гэж,
иргэний өмчлөлийн газар дээр давхцуулан тусгай зөвшөөрөл олгох нь хууль бус гэж маргасан.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шинжээчийн дүгнэлтээр иргэн “Д”-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газар нь “Т” компанийн ашиглалтын талбайтай давхцаагүй, иргэн “Э”-ын өмчлөлийн газар нь “Т” компанийн талбайтай бүрэн давхцалтай, мөн иргэн Д, Э нар нь өөрсдийн өмчлөлийн газраас илүү газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь тогтоогдсон.
“Т” компанид 2009 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон буюу түрүүлж газар эзэмших эрх үүссэн, түүнээс хойш иргэн “Э”-д тус компанийн газартай давхцуулж өмчлөлийн газар олгосон тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй байна.