Шүгэл үлээгч иргэн Ж.Энхбат Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хандгайтын аманд ойн сан бүхий газарт, газар олгож, голын ай сав ЦЭВДЭГ-т сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүргэж байгаа тухай гомдлын дагуу БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Салбарын хяналтын газар, Ойн газар, Усны газар, Нийслэлийн байгаль орчны газар, Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга нар хяналт шалгалт хийж байна.
Нийслэлийн байгаль орчны газрын Улсын байцаагчийн мэдээлснээр уг газрыг 2017 онд олгосон ба удаа дараа цуцлах, сануулах арга хэмжээг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т өгдөг хэдий ч хариу арга хэмжээ авдаггүй тухай мэдээлж байв.
Сүхбаатар дүүргийн Газрын албанаас өмнөх жилүүдэд гарсан алдаа дутагдлыг засах, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй газарт, газар олголтыг цуцлах ажлыг шат дараатай эхлүүлсэн ба энэ газарт үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийж холбогдох хуулийн дагуу ажиллана гэдгийг мэдэгдлээ.