Жил бүрийн тавдугаар сарын 1-нд хуульчид “Хуульчийн про боно” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд хийдэг. Өнөө жил уламжлал ёсоор Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэв. Өдөрлөгийг иргэд зорин ирэх нь ихэссэн байна.
Тодорхой хэлбэл энэ удаагийн өдөрлөгийг Улаанбаатар болон 21 аймагт зохион байгуулав. Тус өдөрлөгт Монголын Хуульчдын холбоо, гишүүн хуульчдаас гадна Хууль зүй дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Хүний эрхийн үндэсний комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг 20 гаруй төрийн байгууллага, өмгөөллийн нөхөрлөл оролцож, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Өмгөөллийн Эм Жэй Эл Атторнейс ХХН-ийн захирал, өмгөөлөгч М.Мөнхжаргалтай уг өдөрлөгийн талаар ярилцлаа.
-Энэ өдөрлөгийн гол зорилго юу вэ?
-Анх Монголын хуульчдын холбооны дэргэдэх хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо эл өдөрлөгийг санаачилсан. 2016 оноос хорооны үйл ажиллагаа идэвхжиж, Зүүн өмнөд Ази руу “Хуульчийн про боно” арга хэмжээнд оролцсон юм. Монголд ирээд хэлэлцүүлэг, өдөрлөгийг анх хийж байсан. Үүнээсээ улбаалаад тавдугаар сарын 1-нийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаад 5 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ өдөр хуульчид тодорхой хэмжээний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын бүх хуульчид иргэдэд үнэгүй зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг, хуулийн салбарынхан иргэдэд нээлттэй байдаг онцлог арга хэмжээ юм.
-Хуульчид хэр идэвхтэй оролцдог вэ?
-Хуульчдын оролцоо нэмэгдэж их идэвхтэй болж байна. Хөдөө орон нутгуудад идэвхтэй хийдэг болж байна. Иргэд өдөрлөгийн талаарх мэдээллийг урьдчилж аваад зорьж ирдэг болсон. Энэ жилээс оюутнуудыг оролцуулж, илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Оюутнууд маань стратегийн өмгөөллийн ажлуудыг эхлүүлсэн явж байна. Жил ирэх тусам хуульчдын тоо нэмэгдэж байна. Энэ өдөр зөвлөгөө авъя гэсэн төлбөрийн чадваргүй иргэнд үнэгүй зөвлөгөө өгдөг.
-Иргэд ямар чиглэлээр зөвлөгөө, тусалцаа түлхүү авч байна вэ?
-Дийлэнх асуулт нь газартай холбоотой асуудлууд байна. Нэгдүгээрт газар эзэмших, газар өмчлөх эрх зөрчигдөөд байна. Хоёрдугаарт гэр бүлийн маргаантай холбоотой асуудлаар хандаж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн талаар зөвлөгөө авлаа. Гэр бүлийн маргаан, өмчтэй холбоотой асуудал давамгай асуусан гэж ойлгож болно.
-Өдөрлөгийн үр дүн ямар байна вэ?
- Мэргэжил нэгт хуульчид, өмгөөлөгчдөө уриалаад, идэвхжүүлээд хуульчийн про боно гэж юу вэ, бид нарт ямар хэрэгтэй гэдгийг таниулж, манлайлж ажиллалаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийт рүү чиглэсэн ажлыг хийж болдог, чаддаг гэдгээ харуулж байна. Мэргэжлийнхээ нэр хүндийг тодорхой хэмжээнд өргөх давуу талтай. Мөн хуулийн салбарынхан хамтарч ажиллах боломж нь про боно өдөрлөгөөр нээгддэг. Хуулийн салбарынхан гэхээр л тус тусдаа өрсөлдөгчид юм шиг, эсвэл мэтгэлцээд явах ёстой юм шиг ойлгогддог. Энэ чиглэлийн ажилд нэгдээд ойлголцоод, хамтарч ажиллаж байгаа нь бас нэг үр дүн.