“Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь Авлигын эсрэг хуулийн 6.1.12-т заасны дагуу авто замын салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод, аюулгүй хүргэх, хүнд суртал чирэгдлийг арилгах аж. Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн ЗДТГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Барилгын хөгжлийн төв, тохижилт үйлчилгээний болон явган хүний зам засварын ажил гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэд явган хүний болон авто замын хашлагатай холбоотой санал гомдол, хэрэг, зөрчлүүд, цаашид авах арга хэмжээ, шийдэл зэрэг цогц асуудлыг хэлэлцсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Санчир “Явган замын хавтан, авто замын хашлага стандартын дагуу баригдахгүй байгаа шалтгаан нөхцөл”, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Б.Тэрбиш “Явган замын хавтан, авто замын хашлагатай холбоотой өргөдөл гомдол шийдвэрлэсэн хэрэг, зөрчлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм. Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу дөрвөн аж ахуйн нэгжийг авлигын хэрэгт шалгаж байгаа аж.
Мөн нийслэл, дүүргүүд давхардуулан ажил төлөвлөж, хэрэгжүүлдэг зэрэг асуудлыг ч хөндөн, цаашид замын хашлагатай холбоотой авлигыг таслан зогсооно гэв. Явган хүний зам хариуцах эзэнгүй байдаг нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах шалтгаан болдгийг оролцогчид онцоллоо. Иргэд “Эвдрээгүй замыг хуулаад, шинээр тавьдаг нь мөнгө идэх арга боллоо”, “Стандартын шаардлага хангахгүй зам тавьж байна” гэх зэрэг гомдол холбогдох байгууллагуудад гаргах нь түгээмэл аж.