“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан, 2022 оны авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Улмаар уг индексийг тодруулахад нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгав.
Баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах болон шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл Монголд Улсад нэгдсэн байдлаар ил тод болоогүй, зохицуулалт хангалтгүй нь ихээхэн асуудал дагуулж байгааг тус байгууллага анхааруулсан юм. Мөн төрийн албан хаагчид нь нийтийн гэхээс илүү хувийн ашиг сонирхлыг чухалчлан ажиллаж байгааг дүгнэлтдээ дурдсан билээ. Улмаар төрийн худалдан авах ажиллагааг зохицуулсан хуулийг шинэчлэх, авлигад өртсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, тэдэнд хариуцлага хүлээлгэдэггүй байдлыг зогсоох, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулахын тулд бүх шатанд ил тод байдлыг хангуулах шаардлагатайг анхааруулжээ.