Гаалийн байгууллагаас төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, ашиг сонирхлын эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүр тулсан харилцааг бууруулах зорилгоор бүх төрлийн үйлчилгээгээ шат дараатайгаар цахимжуулах ажлууд хийгдэж байна.
Үүний нэг нь гаалийн албан хаагчдын ажил үүргийг хуваарыг өмнө нь хүний оролцоогүй, цахимжуулж эхэлсэн явдал юм. Өмнө нь албан хаагчдын ажил үүргийн хуваарыг дарга нь хийхээс гадна, ил тод нээлттэй, шудрага явагддаг эсэх дээр нэлээдгүй хэл ам гардаг байсан. Энэ нь нэг талдаа ашиг сонирхлыг дагуулдаг гэх шүүмжлэл, гомдол санал ирдэг байсан. Иймд ГЕГ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газарт, тавдугаар сарын 01-ээс эхлэн Замын-Үүд дэх гаалийн газарт албан хаагчдын 15 хоног, 1 сар тутмын ажлын хуваарыг хүний оролцоогүй цахимжуулах ажлыг нэвтрүүллээ. Цаашид шат дараатай гаалийн бүх харьяа газруудад нэвтрэх юм. Ингэснээр гаальд ажилладаг албан хаагчдад ил тод, нээлттэй, шудрага ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Мөн гаалийн алба хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллаа. Тухайлбал,
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч “О, Г, М” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Дээрх нэр дурдсан алба хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан зөрчил гаргасан Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн нэр бүхий 6 АЛБА ХААГЧДАД сахилгын шийтгэл ногдуулав. Үүнээс Гаалийн улсын байцаагч “Б”, “Ж” нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, Гаалийн улсын ахлах байцаагч “Д”, “Ө” нарын албан тушаалыг бууруулах, Гаалийн улсын байцаагч “А”, Гаалийн улсын ахлах байцаагч “Г” нарт ГААЛИЙН АЛБАНААС ХАЛАХ сахилгын шийтгэл тус тус ногдуулав. Эдгээр алба хаагчдыг шууд удирдлагаар ханган ажиллаж буй газар, хороо, нэгжийн дарга, удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар нийт ажилтанд зарлах хэлбэрийн НЭЭЛТТЭЙ САНУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ногдуулсан.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас хийгдсэн дотоод, хяналт шалгалтаар Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий 4 гаалийн улсын байцаагч, 4 гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй өөртөө болон бусдад ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭС ҮЙЛДЭЛ ГАРГАСАН байх тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.
Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас Замын-Үүд дэх гаалийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн зуучлагч компаниудын бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгсэл мэдүүлэх явцад 2 ба түүнээс дээш удаа гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн статистик мэдээнд сөрөгөөр нөлөөлөхүйц алдаа гаргасан 15 гаалийн зуучлагч компанийн 26 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч ажилласан.
Гаальд ирсэн гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн байдал:
ГЕГ-ын дэргэдэх Хяналтын нэгдсэн төвд Гаалийн лавлах 1800-1281 болон Засгийн газрын 11-11 лавлах төвөөр дамжуулан энэ оны эхнээс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл иргэн, аж ахуйн нэгжээс нийт 132 гомдол ирүүлсэн байна. Үүнд, Гаалийн байгууллагатай холбоотой санал, хүсэлт – 18; талархал – 1; гомдол - 113 бүртгэгдсэн аж.
Хүлээн авсан 132 гомдлын дийлэнх нь Гаалийн хяналт, бүрдүүлэлт, албан хаагчийн ёс зүй, программ, сүлжээний саатал, барааны ангилал, үнэлгээтэй холбоотой байна.
Гаалийн байгууллагын албан хаагчийн ёс зүйтэй хамааралтай 16 гомдлыг дотоод хяналт шалгалтаар нягталж үзэхэд 13 гомдол нь баримт нотолгоогүй, үндэслэлгүй гомдол, 1 гомдлын дагуу холбогдох албан хаагчид сахилгын арга хэмжээ авч, 2 албан хаагчид ГЕГ-ын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ тооцлоо.