“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд 2023 онд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн календарь батлаад буй. Үүнд тусгаснаар бол энэ сард “Улаанбаатар марафон- 2023”, Азийн физикийн 23 дугаар олимпиад, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган гэсэн гурван арга хэмжээ болохоор байсан. Гэтэл “Улаанбаатар марафон 2023”-ыг календарьт тэмдэглэсэн хугацаанаас нь долоо хоногоор хойшлуулж, зургадугаар сарын 3-нд зохион байгуулахаар өөрчилчихөж. Энэ нь тэмцээнд гадаадаас оролцохоор нислэгийн тийзээ урьдчилан захиалж, ажил албаа эртнээс зохицуулсан хүм үүст ойлгомжгүй, төвөгтэй нөхцөл үүсгээд буй аж. Зарим иргэн энэхүү үйл явдалтай холбогдуулан БОАЖ-ын болон Соёлын сайдад хаягласан шүүмжлэлийг олон нийтийн сүлжээнд бичжээ.
“Улаанбаатар марафон” бол олон улсын гүйлтийн тэмцээн. Өнгөрсөн жил гэхэд 26 орны 134 тамирчин үүнд оролцсон. Аялал жуулчлалыг дэмжих жил тохиож буй учраас энэ удаагийнхад бүр ч олон тамирчин оролцох байсан болов уу. Харамсалтай нь, холбогдох байгууллагынхан тэднийг “Монголд зочлооч” гэж алга тосон гуйж, арга хэмжээнийхээ хөтөлбөр, төлөвлөгөөг аль оны эхээр гаргасан атлаа цаг нь тулсан үед ийм хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Үүнд оролцохоор эртнээс төлөвлөж, нислэгийн тийз, байрлах зочид буудлаа захиалсан, ажил албаа зохицуулсан хүмүүсийн хэд нь шийдвэрээсээ буцахыг таашгүй. Арга хэмжээний гол зохион байгуулагчдын нэг нийслэлийн Биеийн тамир, спортын газрынхнаас үүний учир шалтгааныг тодруулахад “Жил бүрийн тавдугаар сарын 28-нд болдог байсныг долоо хоногоор хойшлуулсан” гэхээс өөр дорвитой тайлбар хэлсэнгүй. Эл календарьт тусгасан “Цас, цааны баяр”-ыг өнгөрсөн өвөл мөн тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсны улмаас аяллын компаниуд хохирч байв. Аялал жуулчлалыг дэмжих бодлого хэрэгж үүлж байгаагийнх ядаж олон улсын арга хэмжээнүүдээ товлосон хугацаандаа зохион байгуулчихаасай билээ.
Бэлтгэсэн: Ж.Гантиг