Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд М.Акимото 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нар дэд сайд М.Акимото-г тус тус хүлээн авч уулзаж, Монгол Улс, Япон Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх, “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, түүний дотор дэд бүтэц, эрчим хүч, соёл, боловсрол, иргэд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Түүнчлэн дэд сайд М.Акимото Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2023-2024 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлснээс хойш манай улсын 415 залуу боловсон хүчин Япон Улсын Их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагдсан бөгөөд энэ онд Япон Улсын Засгийн газар уг хөтөлбөрт зориулан 266 сая иений санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн болно.