“Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн гуяны буюу шинэ цул махны үнэ өчигдөр 19 000, хониных 14 000 төгрөгийн үнэтэй байлаа. Гадаа нь нөөцийн хонины махны гулуузыг кг тутамд нь 8300 төгрөгөөр худалдаж байсан юм. Хүнсний бусад захад махны үнэ үүнтэй ойролцоо аж. Өвөлжилт хүндэрсэн, нийлүүлэлт багассантай холбоотойгоор махны үнэ өсөж буйг худалдагчид хэлсэн юм. Одоогоор зүүн гурван аймгаас л шинэ мах нийлүүлж байгаа гэнэ. Нийслэлд махны үнэ өсөх болсонтой холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махны худалдааг хүртээмжтэй байлгах арга хэмжээ авч буй гэнэ. Үүний хүрээнд амралтын өдрүүдэд 30-35, ажлын өдрүүдэд 10 байршилд хонины гулууз мах худалдах ажлыг зохион байгуулж байна. Үнэ нь анх тогтоосноор 8300 төгрөг. Харин дэлгүүрүүдэд нөөцийн үхрийн ястай махыг 10 700, хониныхыг 8600, ямааныхыг 6400 төгрөгөөр борлуулж байв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн нөөцийн мах хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Энэ жил нийт 12 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн 7858 тонн нөөцийн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас худалдаанд гаргасан. Одоогоор 11.3 хувийг нь борлуулаад байна. Нийслэлийн оршин суугчдад зургадугаар сарыг дуустал хүрэлцэхүйц хэмээн тооцоолж, ийм хэмжээний мах бэлтгэсэн” гэлээ. Нөөцийн махны нийлүүлэлт ийнхүү хангалттай байгаа боловч зарим иргэн чанар нь тааруу, бараг тэр чигтээяс байдаг зэрэг гомдол хэлж байв. Энэ талаар Н.Бумцэндээс тодруулахад “Нийслэлийн Мал эмнэлгийн газраас тухайн аж ахуйн нэгжийн борлуулахаар зэхэж буй махыг тогтмол шинжилж, дүгнэлт гаргадаг. Ийм дүгнэлтгүй бол худалдахыг зөвшөөрөхгүй. Одоогоор манай албанд ийм гомдол ирээгүй” хэмээн мэдээлсэн юм.
Ташрамд дурдахад, УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр дарга Г.Занданшатар махны үнэ нэмэгдсэнд ихэд халаглаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр нэг кг үхрийн махны үнэ 21 000 төгрөгт хүрснийг онцлоод, Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарын гишүүдийг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд захуудаар явж, үнийн өсөлтийг судлах үүрэг өгсөн юм.