Хуш модны самар зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн иргэн М.Ариунтулгад шүүхээс ял шийтгэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/282 дугаар тушаалаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 4.5-д “Хуш модны самрыг есдүгээр сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ” гэснийг зөрчин Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын тусгай хамгаалалттай газраас 107.5 кг хушны самар зөвшөөрөлгүй түүж, бэлтгэн, тээвэрлэсэн гэх хэрэгт тэрбээр холбогдсон аж.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас М.Ариунтулгад Эрүүгийн хуулийн 24.8-1-т заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх эл хэргийг хянан хэлэлцээд М.Ариунтулга нь байгалийн ургамлыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэм буруутай байна гэж дүгнэн хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов. Улмаар экологид учруулсан 53.1 сая төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.