Улсын дээд шүүхээс санаачлан “Сэжигтнийг баривчлах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-той хамтран зохион байгууллаа. Үүнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Амарбаясгалан, ХЭҮК-ын дарга Ж.Хунан, гишүүн Б.Энхболд болон дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, таслан сэргийлэх арга хэмжээний асуудал шийдвэрлэдэг шүүгчид оролцсон юм. Энэ үеэр Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн “Сэжигтнийг баривчлах ажиллагааны өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийв. Тэрбээр сэжигтнийг баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас ангид байгааг ХЭҮК-ын илтгэл, НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн тайланд үндэслэн мэдээлээд, манай улсад мөрдөж байгаа хууль, эрх зүйн актуудыг бусад улсынхтай харьцуулан анхаарах асуудлыг тодорхойлсон юм.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Мөрдөгчийн тогтоолыг шүүхэд хүргүүлэхгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан сэжигтний тоо 2022 онд 355 буюу баривчлагдсан иргэдийн 33.1 хувийг эзэлсэн. Мөн 864 хүний хувийн хэрэгтэй танилцахад 26.7 хувийг шүүгчийн захирамжаар, 61.2-ыг прокурорын тогтоолоор, 11.8- ыг ангийн даргын тогтоолоор сулласан байна. Мөн баасан гарагт баривчилсан сэжигтнийг шүүхийн хяналтгүйгээр 48 цаг саатуулсан тохиолдол 65.3, 48 цагаас илүү хугацаагаар саатуулсан тохиолдол есөн хувь байгаа бөгөөд тэдний 91 хувийг прокурор, баривчлах байрны дарга сулласан” хэмээн тэмдэглэв. Хэлэлцүүлэгт оролцсон шүүгчид хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 24, 48 цаг саатуулаад шүүхэд мэдэгдэлгүйгээр суллах тохиолдол нийтлэг байгаа учраас хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох санал хэлсэн юм. Мөн баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох шүүхийн харьяалал, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл, шүүхийн хэлэлцүүлэг явуулах, шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх журмыг нарийвчлан хуульчлах шаардлагатай гэцгээж байв. Хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимынхан нэгтгэж, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн баривчлах, цагдан хорихтой холбоотой асуудлаар хууль санаачлагчид санал хүргүүлэхээр тогтсон юм. Мөн энэ өдөр ХЭҮК-оос УЕПГ, ХЗДХЯ, Цагдаагийн болон Тагнуулын ерөнхий газар, ШШГЕГ, Шүүх шинжилгээний ерөнхий газар зэрэг байгууллагынхныг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд оролцогчид мөрдөн шалгах болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хуулийг нэг мөр хэрэглэх, сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн талаарх тоон мэдээллийн цахим системтэй болох, амралтын өдөр, ажлын бус цагаар шүүхийн зөвшөөрөл авах үйл ажиллагааг шуурхай болгох, 24 цагийн жижүүрийн шүүгч ажиллуулах зэрэгт анхаарах талаар хөндөв.