Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ж.Золбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан /шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ үндэслэлээр Ж.Золбаярт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн гэх хэрэгт шалгуулж буй тэрбээр "Би эрүүл мэндийн шалтгаанаар есөн салаат хэрэглэсэн. Энэ хар тамхи биш. ургамал. Үүнийг хуулиар хориглох биш зөвшөөрөх хэрэгтэй" гэж мэдэгдсэн юм. Харин түүний эхнэр нь "Амай эрүүл саруул. Байнга хар тамхи хэрэглэдэг" хэмээсэн билээ.