“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийг шүүх хурал Улаанбаатар чуулгын байранд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Б.Батсайхан, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж буй. Шүүх хурлаар “Хөгжлийн банк”- наас зээл аваад төлөөгүй гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруутай, эсэхийг шийдвэрлэж тохирсон ялыг нь оноох учиртай. Шүүх хуралдаан эхэлсэн өдөр буюу энэ сарын 17-ны 09.00 цагт шүүгдэгч, Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Будхүү хуралд ирээгүй. Түүний өмгөөлөгч Б.Мянган шалтгааныг нь “ Осолд орсон, эмнэлэгт боолт хийлгээд ирж яваа” хэмээн тайлбарласан юм. Мөн “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирал Ц.Ууганбаярын өмгөөлөгч УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү замд явж буйгаа шүүгчийн туслахуудад мэдэгдсэн гэнэ. Улмаар зарим өмгөөлөгч “шинжээч, гэрчүүдийг заавал оролцуулах ёстой” гээд шүүх хурлыг хойшлуулах санал гаргасан. Өөрөөр хэлбэл, дор бүрнээ ямар нэг шалтаг, шалтгаан хэлж шүүх хурлыг хойшлуулах оролдлогыг хийсэн. Харамсалтай нь, зарим өмгөөлөгч худал шалтаг тоочиж, шүүх хурлыг хойшлуулахаар санаатай худал хэлсэн нь төд удалгүй илчлэгдэв. Тиймээс шүүх хурал товлосон цагтаа эхлээгүй ч, товлосон өдрөө эхэлсэн.
Тодорхой хэлбэл, прокурорууд шүүх хурал хойшлуулахыг эсэргүүцсэн. Тэд гэрч, шинжээчдийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг тайлбарыг нь уншиж сонсгох байдлаар шүүх хурлаа үргэлжлүүлэхийг хүссэн. Прокуроруудын зүгээс гаргасан ирээгүй оролцогчдыг хүлээж байгаад хурлаа эхлүүлэх санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан. Ингээд шүүгдэгч Б.Будхүү болон “Ган хүдэр орд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэхээр болж тухайн өдрийн 13.30 цаг хүртэл завсарласан юм.
Завсарлагаа дуусаж, шүүх бүрэлдэхүүн зарим өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах саналаас татгалзсанаар шүүх хуралдаан үргэлжилсэн. Улмаар иргэдийн төлөөлөгчийг тангараг өргүүлж, гэрч, шинжээчийг тусгаарлаж тамхимаас гаргасан юм. Даргалагч шүүгч Ж.Болдбаатар “Дарааллын дагуу шүүгдэгч, өмгөөлөгчид шүүх хуралдаан ямар байр суурьтай оролцохоо илэрхийлэх ёстой. Мөн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтэй хүн байна уу” гэхэд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон түүний хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн өмгөөлөгч Д.Түвшинтамир ганцаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасан. Нийт шүүгчийн зөвлөгөөнөөр уг татгалзлыг хэлэлцээд хүлээн аваагүй юм. Гэтэл Д.Түвшинтамир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт дахин өгөв. Үүнийг нь шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд мөн л хүлээн авалгүй, хуралдаанаа үргэлжлүүлсэн. Улмаар шүүх хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, улсын яллагч нар 1012 хуудас бүхий яллах дүгнэлтийг бүгдийг нь уншиж сонсгох, эсэх зэрэг саналыг хэлэлцсээр эхний өдрийн хуралдаан завсарлаж, дөрөвдүгээр сарын 18-ны 08.30 цагаас үргэлжлэхээр болов.
Шүүх хуралд Улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газраас Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам, Ц.Гансүлд, Х.Онолт, Г.Эрдэнэ,УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын 80 шүүгдэгч, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2 нийт 193 хүн оролцсон.
Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө буюу дөрөвдүгээр сарын 18-ны 09.05 цагт үргэлжилж, өмгөөлөгчид шүүх хуралд ямар байр суурьтай оролцох болон шинжлэн судлуулах баримт, зарим өмгөөлөгч нэмэлт нотлох баримт өгч, өөрсдийн саналаа дарааллын дагуу илэрхийллээ.
Энэ үеэр шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Мянган хурлын дэг эвдэж, саналаа илэрхийлсэнд даргалагч шүүгч Ж.Болдбаатар дургүйцэж “Дарааллын дагуу явах ёстой шүү өмгөөлөгч өө. Та өчигдрөөс хойш зоргоороо аашиллаа. Үйлчлүүлэгчээ аваар осолд орсон гэж худлаа хэлсэн. Монгол хүн амны билгээр гэдэг шүү” хэмээн анхаарууллаа.
Шүүх бүрэлдэхүүн 11.00 цагт өмгөөлөгчдийн саналыг авч дуусаад 11.42 хүртэл зөвлөлдөж, хуралдаанаар таван багц асуудал шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн танилцуулснаар 18-ны шүүх хурал өндөрлөсөн.
Тодорхой хэлбэл, даргалагч шүүгч Ж.Болдбаатар “Б.Мөнхбат өмгөөлөгчийн саналыг дэмжиж Хөгжлийн банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийнэ.
Мөн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах боломжтой.
Хэргийг тусгаарлах талаар хүсэлтүүд ирж байна. Нэг яллах дүгнэлтэй учир хүлээн авах боломжгүй.
Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас шүүх хуралд нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэж хүсэлт гаргасан. Гэрчийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг тайлбарыг нь уншиж сонсгох байдлаар хурлаа үргэлжлүүлэх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Нийт өмгөөлөгчдийн саналаар шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх зэрэг таван шийдэлд хүрсэн” хэмээлээ.
Гурав дахь өдрийн хуралдаанаар улсын яллагч нар шүүгдэгч нарын яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг өдрийн турш уншиж 17.30 цагт завсарласан.
Шүүгдэгч нарын яллах дүгнэлтийг хэсгээс нь:
Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар Б.Чойжилжалбуу нь ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлагын зохицуулалтын хэлтсийн захирал Б.Амгалан, банкны ахлах мэргэжилтэн А.Хүчитбаатар нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.
Улмаар Банкны тухай хууль болон Монголбанкны ерөнхийлөгчийн мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааны журмыг тус тус зөрчин, мөнгөн хадгаламж байршуулах гэрээг хууль бусаар байгуулан Чингисхаан банканд 25 тэрбум төгрөгийг 365 хоногийн хугацаатай жилийн 14 хувийн хүүтэй байршуулсан байна.
Дөрөв дэх өдрийн хуралдаан тогтоох хэсгийг уншсаар үргэлжилж байна. Бид шүүх хурлын эргэн тойронд өрнөсөн мэдээ мэдээллийг тухай цаг бүрт нь эргэн мэдээлэх болно.