Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, сэтгүүлчид рүү чиглэсэн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Өнөө жилийн онцлог нь сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, иргэний мэдэх эрхийг хангахаар хүний эрхийн байгууллагууд дээрх үйл ажиллагаанд нэгдэж, бодитоор хамтарч байгаа явдал юм. Энэ хүрээнд МСНЭ, Хүний эрхийн үндэсний комисс, Иргэний нийгмийн зөвлөл, Хүний эрхийн форум, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл, Монголын Эмнести интернэшнл зэрэг байгууллага хамтарч Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.
Үндсэн илтгэлийг ХҮЭК-ийн гишүүн Г.Нарантуяа тавьж хэлэлцүүлсэн. Тэрбээр үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэхэд хамгийн чухал нөлөөтэй, тулгын гурван чулуу гэж хэлж болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Жагсаал журмын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай саналаа сэтгүүлчдэд танилцуулсан юм. Тодорхой хэлбэл, ардчилалыг амилуулдаг чухал зүйл нь жагсаал боловч иргэд цугласан үедээ, сэтгүүлч сурвалжлага хийхдээ юу юуг анхаарах ёстой, ямар үед шаардлага тавих эрхтэй вэ гэдгийг тодорхой танилцуулсан. Мөн жагсаал цуглааны үеэр сүлжээ унагадаг нь хүний эрх зөрчсөн явдал гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх хангагдсан ч зарим зүйлд анхаарах, эрх зүйн зохицуулалтыг эргэж харах шаардлагатайг дурдсан.
Үүнээс гадна Монголын Эмнести интернэшнл олон улсын байгууллагын төлөөлөл Б.Алтантуяа “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал” тайланд дэлхийн улс орнууд хүний эрхийн асуудлаар ялгавартай хандаж, олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг үнэт зүйлс дээр нэгдэж чадахгүй байгааг онцоллоо. Үргэлжлүүлээд тэрбээр “Улс орнууд дотооддоо хүний эрхийг хүндэтгэн, хамгаалж чадаагүйн улмаас эмэгтэйчүүдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдөж, АНУ-ын хэд хэдэн мужид үр хөндөлтийг хориглож, хязгаарласан хуулиуд баталж, Афганистанд эмэгтэйчүүдийн бие даасан байдал, боловсрол эзэмших, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, Энэтхэгт нийгмийн гарал үүслээс шалтгаалсан үзэн ядалтын гэмт хэргүүд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэрэгт ял шийтгэлгүй үлдсээр байна. Мөн сүүлийн 12 жилд иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдсаар ирсэн. Хөл хорионы үед дэлхийн 84 оронд жагсагчдыг шаардлагагүй байхад нь тараасан. Ингэхдээ 31 нь цэрэг армиа жагсагчид дунд оруулсан. Сэтгүүлчдийг хорьж, цагдаж, бүр цаазалсан тохиолдол олон улсад гарсан. Уг нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тунхаглал батлагдсаны 25 жил болсон учраас бид хүний эрхийн тогтолцоог сайжруулахыг шаардах ёстой” хэмээх мэдээллийг өгсөн. Түүнчлэн, улсын хэмжээнд 2000-2023 онд 736 жагсаал цуглаан зохион байгуулсны 649 нь Улаанбаатар хотод 87 нь орон нутагт болжээ.
Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт хэвлэл, мэдээллийнхэнд ямар хамаатай вэ. Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардагатай сэдвээр илтгэлээ тавьсан. Тухайлбал, тэрбээр “Өнөөдөр Монголд 450-500 хэвлэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа гэх боловч редакцтай, ёс зүй төлөвшсөн байгууллага ховор байна. Өөрийн гэсэн контенттой редакц цөөн. Чанартай мэдээлэл бэлтгэж чадахгүй байна. Улс төрийг хянах сэтгүүлчдийн хяналт суларсан. Учир нь улстөрчид сэтгүүлчдийг, редакцыг санхүүжүүлж, хараат байдалд нь нөлөөлдөг. Тиймээс хяналт нь сулраад байна. Мөн сэтгүүлчдийн дундаас цөөнгүй хүн улстөрч болсон” гэх зэргээр шүүмжлэлтэй хандсан.
Манай улсад өнгөрсөн оны байдлаар хэвлэл мэдээллийн 486 хэрэгсэл байгаагаас 64 сонин, 46 сэтгүүл, 50 радио, 135 телевиз, мэдээллийн 191 сайт ажиллаж байна.