Иргэн Д нь иргэн Г-д "2021.05.30-ны өдөр 5,0 сая төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй. Мөн Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний шууд худалдааны бизнест хамтран ажиллаж, Г-ийн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг Дарханаас авч, Г-д шуудангаар явуулсан боловч Г нь 6 сард захиалсан бүтээгдэхүүний 2,2 сая төгрөгийг төлөөгүй. Иймд иргэн Г-ээс зээл 5,0 сая төгрөг, зээлийн хүү 4,0 сая төгрөг, бүтээгдэхүүний үнэ 2,2 сая төгрөг, нийт 11,2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж шүүхэд ханджээ.
Хариуцагч Г шүүхэд, "...2021 оны гуравдугаар сард Д намайг Сибирийн эрүүл мэндийн сүлжээнд элсүүлж, амжилттай ажиллахын тулд олон мянган оноо хийхийг өдөр бүр ухуулж, би аав, ээж, ах дүү, хамаатан саднаа ч элсүүлсэн. Элсээд бөөн захиалга хийж, мөнгөө дуусгасан ба захиалсан бараа зарагдаагүй тул 4 дүгээр сард захиалга хийх боломжгүй болсон. Д өөрөөс нь мөнгө авахыг санал болгосон тул би 5,0 сая төгрөг зээлж, 4, 5 сарын захиалгыг хийсэн. Улмаар бараа хуримтлагдаж эргэлтийн мөнгөгүй болсон тул 6 сард Дархан хотын Сибирийн эрүүл мэндийн агуулахаас 2,2 сая төгрөгийн барааг зээлээр захиалсан. Д-д олон удаа уг сүлжээг хийхгүй байя гэсэн боловч Д найз нь машины болзол хангах гээд байна та нар тус болчих гэсээр эцэст нь би өрөнд орсон. Дархан хотын Сибирийн эрүүл мэндийн агуулахыг хариуцдаг Л-тэй холбогдож, бүтээгдэхүүний үнийг цувуулж төлөхөөр тохиролцон 200,000 төгрөгийг төлсөн тул энэ асуудал Д-д хамааралгүй. Зээл авах үедээ ямар ч хүүгийн тухай ярилцаагүй тул хүү төлөхгүй, харин зээлсэн 5,0 сая төгрөгийг төлнө” гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Д нь 2021.05.30-ны өдөр хариуцагч Г-д 5,0 сая төгрөг зээлдүүлж, мөнгийг зээлдэгч Г-д шилжүүлсэн, хариуцагч Г нь Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний захиалгыг хийж, агуулахын борлуулагч Л-ээс 2,2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зээлээр авч, Л-д бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Иргэний хуульд, Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Шүүх нэхэмжлэгч Д-г зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү авах эрхээ алдсан, хариуцагч Г-ээс сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 2,2 сая төгрөг нэхэмжлэх эрх үүсээгүй гэж дүгнэн хариуцагч Г-ээс зээл 5,0 сая төгрөгийг гаргуулж Д-д олгож, нэхэмжлэлийн 6,2 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.