С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэвч тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй, үргэлжлүүлэн хянаж байгаа аж.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “Уг хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс мөрдөж байна. Мөрдөх байгууллагаас 2022 оны тавдугаар сараас нэр бүхий гурван хүн холбогдсон энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг таван удаа гаргасан. Прокуророос дөрвөн удаа хянаад үргэлжлүүлэн мөрдөн шалгах шаардлагатай, ажиллагаа дутуу гэдэг үндэслэлээр буцаасан.
Харин гуравдугаар сарын 15-нд мөрдөх байгууллагын ирүүлсэн тавдах саналын дагуу Прокурор хавтаст хэргийн мятралыг хянаж үзээд эдгээр гурван хүн С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгох шийдвэр гарсан. Шийдвэр гарсан тул дээд шатны прокурор дахин хянах хуулийн зохицуулалтай. Тиймээс НПГ-т энэхүү шийдвэрийг хянаж байна. Хянаж дууссаны дараа хэргийн оролцогчдод тогтоол танилцуулна. Хэргийн оролцогчид гомдол гаргаагүй тохиолдолд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болно. Одоо бол тогтоол хүчин төгөлдөр болоогүй хянах ажиллагаа явуулж байна" гэв.