Засгийн газар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө боловсруулж, олон нийтээс санал авч эхлээд байна. Төсөл нь тун цомхон бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 152 болгохоор тусгажээ. Гэхдээ парламент нэг танхимтай хэвээрээ байна. Мөн тэдний 76-г мажоритар, мөн 76-г пропорциональ аргаар сонгох гэнэ. 1992 онд өнөөгийн Үндсэн хуулийг батлахдаа тухайн үеийн хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөх замаар УИХ-ыг 76 гишүүнтэйгээр хуульчилж байжээ. Харин өдгөө нэг гишүүнд ногдох хүн амын тоо 44.7 мянгад хүрч, бараг хоёр дахин нэмэгдэн, төлөөлөх чадамж алдагдахад хүрч байна гэж үзэн, парламентын гишүүдийг олон болгох нь зүйтэй хэмээж буй. Өөрөөр хэлбэл, хэт цөөн гишүүнтэй парламентын хувьд хууль тогтоомжийг цөөн хүн явцуу ашиг сонирхлын үүднээс батлах, нэг гишүүнд эрх мэдэл хэт төвлөрөх, зүй бус нөлөөлөлд автах зэрэг эрсдэлтэй хэмээн эрх баригчдын зүгээс тайлбарлаж байна.
Олон улсад ч парламент нь дунджаар 150- иас доошгүй гишүүнтэй байдаг гэдэг. Гэхдээ тэднийг холимог тогтолцоогоор сонгохоор тусгасан. Парламентаар хэлэлцэж буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тогтолцоог 50:50 хувьтай хослуулахаар оруулчихсан.
Үндсэн хуулийг өөрчлөх, тэр дундаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа шинэ биш л дээ. Энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн, УИХ-аас өнгөрсөн онд баталсан нэг бус тогтоолд парламентын гишүүдийн тоог өсгөхөөр тусгасан юм. Мөн Цэц УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайдын тооны хязгаарлалттай холбоотой шийдвэр гаргахдаа парламентын гишүүдийн тоог нэмэх “чиглэл”-ийг үндсэндээ өгчихсөн гэхэд болно. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Цэцийн 02 тоот тогтоолд “Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу парламентын засаглалыг төгөлдөршүүлэх зорилгоор хүн амын тоонд үндэслэн УИХ-ын гишүүдийн тоог нэмж өөрчлөх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох замаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр болон төлөөллийн чадварыг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэдэг хандлага парламентын засаглал бүхий улс орнуудад нэгэнт тогтсон байна” хэмээн тусгасан байдаг.
ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР “УЛИРААХГҮЙ”
Түүнчлэн “Цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” хэмээх заалт дээрх төсөлд бий. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандсан, эсвэл хуулийн бусад аргыг хэрэглэсэн ч үндсэн эрхийг нь сэргээгээгүй гэж үзсэн бол иргэн Цэцэд өргөдөл гаргах эрхтэй болно гэсэн үг. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, эрх зүйн орчны дагуу Цэц нь халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт иргэний үндсэн эрхийн тодорхой зөрчлийг авч хэлэлцэх эрхгүй. Үүнээс үүдэн иргэний үндсэн эрхийг зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авах боломжгүй байна гэж үзэн эл өөрчлөлтийг төсөлд оруулжээ.
Улмаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрх бүхий байгууллагын хүрээг өргөжүүлэхээр заасан байна. Тодруулбал, УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтийн дагуу Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг Цэц гаргадаг. Тэгвэл УИХ-ын нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Хүний эрхийн үндэсний комисс Цэцэд хүсэлт гаргах эрхтэй байхаар дээрх төсөлд тусгасан байна. Уг нь Үндсэн хуульд зааснаар УИХ Цэцэд хүсэлт гаргах боломжтой ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хандаагүй. Учир нь УИХ дахь олонх нь хууль тогтоомж Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл өөрчлөх бүрэн эрхтэй тул Цэцэд хандах шаардлагагүй гэж хэлж болно. Иймд цөөнх буюу 16 гишүүн (УИХ-ыг 152 гишүүнтэй байх үед) Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, маргаан үүсгэх боломжийг нээхээр төсөлд тусгасан нь энэ аж. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс хууль тогтоомж дахь хүний эрхийн зөрчлийн асуудлаар Цэцэд хандах бүрэн эрх олгох гэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, иргэд бас Хүний эрхийн комиссоор дамжуулан Цэцээр эрхээ хамгаалуулдаг боломж бүрдүүлнэ гэсэн үг. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх маргааны хүрээг өргөтгөж, өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах эрхтэй субъектийг нэмснээр тэдний ачаалал ихсэж, харин ч тухайн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүрнэ гэх шүүмжлэл дагалддаг. Тиймээс ч үүнийг тойрч олон жил ярьсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золгов.
Үндсэн хуулийн цэцтэй холбоотой өөр нэг өөрчлөлт байгаа нь Цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох тухай заалт юм. Цэцийн гишүүнээр дахин томилоход ямар нэгэн хязгаарлалт одоогоор үгүй. Тиймээс өнгөрсөн 30 гаруй жилд Цэцийн гишүүнээр нэг хүн олон удаа томилогдож, 18, 26 жилээр ажилласан тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүнээр 2-4 удаа улиран томилогдсон хүмүүс бий гэсэн үг. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг зургаан жил хэвээр байлгахын сацуу нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох заалтыг Үндсэн хуульд оруулах санал гаргасан нь энэ аж. Эл заалтыг баталбал нэг хүн Цэцийн гишүүнээр хэт удаан ажиллахыг хязгаарлаад зогсохгүй Үндсэн хуулийн шүүхийн бүрэлдэхүүний хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлнэ гэж тайлбарладаг.
Гэхдээ 2019 онд хэлэлцэж байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Цэцтэй холбоотой заалтуудын нэг нь энэ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатайгаар нэг удаа томилж, улируулахгүй байхаар тусгасан ч хэлэлцүүлгийн явцад “унаж”, парламентын олонхоос дэмжлэг авч чадаагүй.
НЭГ ХУВИЙН БОСГООС ТАТГАЛЗАХ УУ
Мөн Үндсэн хуулийн 13.1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” хэмээн өөрчлөхөөр заасан байна. Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ” хэмээх заалтыг ийн өөрчилбөл төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ байрлах газар нь улсын нийслэл болох нь. Ингэснээр төрийн зарим байгууллагыг нийслэлээс нүүлгэх эрх зүйн үндэс бүрдэнэ хэмээн тооцож буй аж. Үндсэндээ төрийн зарим байгууллагыг Улаанбаатар хотоос нүүлгэн, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж, хот, хөдөөгийн ялгааг багасгана гэж үзэж байна.
Түүнчлэн улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж байгуулах заалтыг хүчингүй болгохоор тусгажээ. 2028 оноос хэрэгжүүлэх эл заалтыг 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуульд оруулсан юм. Нам байгуулахад хэт өндөр босго тогтоосон нь иргэний эвлэлдэн нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг тухайн үед хэлэлцүүлгийн явцад нь ч дотоод, гадаадаас анхааруулж байсан ч баталчихсан. Юутай ч улс төрийн олон ургалч байдлыг алдагдуулах, төлөөллийн ардчиллыг сулруулах, нийгмийн тодорхой бүлгийг ялгаварлан гадуурхах, тэгш бус байдал бий болгох эрсдэлтэй эл заалтаас татгалзах заалтыг төсөлд оруулжээ. Эдгээр өөрчлөлтийн талаар олон нийт ямар санал гаргах, тэдгээрийг тус төсөлд тусгах, эсэх, эрх баригчдын туйлын зорилго юу болохыг ирэх өдрүүд харуулах биз ээ.