Орон нутагт гол, мөрний мөс цөмөрсөн тухай мэдээлэл ОБЕГ-т иржээ. Өнгөрсөн мягмар гаригт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаар урсдаг Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, “Тоёото Ландкруйзер-200” машинтай иргэд осолдох шахсан байна.
Энэ талаар тус газрын хэвлэлийн төлөөлөгч Б. Дуламсүрэнгээс тодруулахад “Сэлэнгэ мөрөн дээгүүр Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд УНН 70-70 дугаарын машинтай хүмүүсийг явж байхад нь мөс цөмөрч, машины урд хоёр дугуй ус руу орсон байна. Зорчигчид бэртэж гэмтээгүй. Аврах салбарын албан хаагчид машиныг татаж гаргалаа.
Мөн Булган аймгийн Хишиг-Өндөр суманд иргэн Э Орхон гол дээгүүр адуугаа тууж явтал мөс цөмөрч 17 адуу нь живсэн. Хүйтний эрч чангарсан ч гол мөрөн гүйцэд хөлдөөгүй байна” гэв.
Х.СҮРЭН