Цагдаагийн байгууллагаас зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үүсгэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор урьд өмнө удаа дараа ял шийтгүүлсэн этгээдүүдэд тогтмол хяналт тогтоон ажилладаг.
Энэ дагуу урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдийг шалгахад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг тухай бүр цагдаагийн байгууллага илрүүлсэн.
Мөн урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэн аж ахуйн нэгж, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын гэр бүл, ойр дотны иргэдийг шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэж хувь авч амьдралын эх үүсвэрээ болгосон этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион явуулж ажилладаг.
Энэ ажлын хүрээнд сүүлийн 5 жилийн байдлаар хийсэн ажлаас дурдвал:
2019 онд 5 бүлгийн 6,
2020 онд 5 бүлгийн 15,
2021 онд 3 бүлгийн 6,
2022 онд 6 бүлгийн 12 этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж, шүүхээс холбогдох ял шийтгэлийг оногдуулсан байна.
2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 8 бүлгийн 21 этгээдүүдийн хууль бус үйлдлийг шалгаж 5 бүлгийн 13 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Өнөөдрийн байдлаар захиргааны хяналтыг 699 этгээдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд Эрүүгийн цагдаагийн албанаас хяналт тавин ажиллаж байна.
Мөн удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 11, яллагдагчаар татагдан шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн 19, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн 3, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хорих ял эдэлж байгаа 6 этгээд байна.
Хяналтад байгаа урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдээс зарим этгээдүүд нь дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байгаа боловч ажил хөдөлмөр эрхэлж нийгэмшин, ар гэрээ авч явж байгаа иргэд ч байгааг дурдах нь зүйтэй.
Ашиг олох зорилгоор нэгдэж нийгэмд айдас, түгшүүр төрүүлэн бусдыг заналхийлж, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөнд халдан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэмт бүлэг одоогоор байхгүй байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийн амар тайван амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ тасралтгүй хэрэгжүүлэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа.
2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын хэмжээнд хяналтад байгаа шүүхээс тэнсэн суллагдсан 310, хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 205, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 13, жирэмсэн, гурав хүртлэх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан 7, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 30, хорих ял эдлээд суллагдсан 134, нийт 699 этгээд хяналтад байна.
Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албанд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Э.Бошигтоос албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж БНХАУ-н иргэн Эрдэнэтогтохыг ална” гэж заналхийлсэн гэх утга бүхий Г-315 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээлэл, Үүнээс гадна иргэн Б.Цогтбаатараас албан бичгээр гаргасан “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ны ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд 20 гаран гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх утга бүхий Г-316 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээллүүдийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Одоогийн байдлаар дээрх гомдол мэдээлэлд Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байсан болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг холбогдуулан мэдүүлэг авсан, дуудсан, шалгасан зүйл байхгүй байна.