Монгол Улсын тэргүүлэх зэргийн сум Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр /2023.04.18/ “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэртбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл, ИТХ-ын дарга Г.Хүрэлсүх, Сүхбаатар сумын 5 баг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчид, Асгат сумын ИТХ-ын төлөөлөгчид, 2,3 дугаар багийн малчид, Мөнхаан сумын малчдын төлөөлөл, газрын даамал, багийн дарга нарын 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Бэлчээрийн хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл өгч, хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Тэрбээр “Бэлчээрийн эрх зүйн орчныг зохицуулах тухай “Алсын хараа-2050” үндэсний хөтөлбөрт туссан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-ын 106 дугаар тогтоол гарсан. Ногоон хөгжил гэсэн заалт бий. Үүнд ундны ус, бэлчээрийн асуудал тодорхой орсон. Энэ мэтчилэн Бэлчээрийн хуулийг ярих цаг үе, шаардлага бий болсон байна. УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулж байгаа Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд уул уурхай, мал аж ахуйг зааглаж тусгасан. Отрын нөөц бэлчээр, бэлчээр ашиглагчдын бүлэг, дамжин өнгөрөх бэлчээр, бэлчээрийн даац, бэлчээр ашиглагч, улирлын бэлчээр, нийтийн ашиглах бэлчээр зэрэг нэр томьёог тусгасан. Эдгээр зохицуулалтууд бол өнөөгийн малчдын дундах маргаанаас үүдэлтэй, мөн бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэж байгаа” гэсэн юм.
Бэлчээрийн доройтлын өнөөгийн тулгамдсан асуудлын хүрээнд Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа “Бэлчээр бол нөхөн сэргээгддэг баялаг. Бэлчээрийн доройтлыг малын тоо толгой, уур амьсгалын өөрчлөлтөөс болж байна гэж иргэд талцдаг. Дорнод аймгаас бусад бүх аймагт бэлчээрийн даац хэтэрсэн. Бэлчээрийн даац хэтэрснээс малын тарга хүч дутмаг байна. Түүнчлэн малын өвчлөл ихэсч, ургамлын шимт чанар 30-40 хувь буурсан, Сүхбаатар аймагт бэлчээр хуурайшиж, ургамлын био масс буурсан, хялгана шарилжаар солигдож байна. Бэлчээр сэлгэж өнжөөхгүй бол малд шаардлагатай шимт өвс, ургамал ургах боломжгүй болж байна. Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон, үүний 12 хувь нөхөн сэргээгдэх боломжгүй болсон. Нийт доройтсон бэлчээрийн 80 хувийг сэлгэж, өнжөөвөл бэлчээр сэргэх боломжтойг судалгаа харуулсан. Сүхбаатар сумын ихэнх сумын бэлчээр доройдолд орсон байна. Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан, Уулбаян зэрэг нийн бэлчээрийн 54 хувь нь доройтолд орсон” гэдгийг судлаач онцоллоо. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зөвлөх Ц.Энх-Амгалан Бэлчээр ашиглалтын гэрээг бүс нутгаас хамаарч зохицуулах хэрэгтэй. Малын тоо толгой, бүс нутгийн бэлчээрийн онцлогоос хамааралтайг хэлсэн.
Сүхбаатар сумын малчдын хувьд бэлчээрийн доройтол бий болсныг хүлээн зөвшөөрч, цаашид уул уурхай, малчдын бүс нутгийг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Уул уурхайн команиуд мал бүхий бүс нутагт худаг гаргаж, гүний усыг үр ашиггүй зарцуулж байгааг малчид шүүмжилж байна.