Пентаг оны тэргүүн Ллойд Остин
Пентагоны нууц баримт бичгүүд алдагдсан гэх мэдээлэл ойрын өдрүүдэд ёстой л дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Украин дахь байлдааны явцын тухай мэдээлэл тэдгээр дотор байсан аж. Сүлжээнд орж олон түмний сонорт хүрсэн нууц мэдээллийн тоо хэмжээний талаар одоогоор тодорхой зүйл алга. “Associated press” агентлагийн мэдээлснээр нийтдээ хэдэн зуун хуудас бололтой байна. Украины зэвсэгт хүчний байрлалын талаарх зургууд ч бий аж. Нэлээд баримт нь “нууц”, “маш нууц” гэсэн тусгай цохолттой байж.
Эдгээр мэдээлэл алдагдсанаар Украин дахь үйл явдлын талаар бидэнд юу тодорхой болов? Хийхээр төлөвлөсөн, сөрөг довтолгооны явцад Украин дорвитой амжилт олно гэдэгт АНУ эргэлзэж буй юм. Агаараас эсэргүүцэн хамгаалах тус улсын нөөц тавдугаар сарын 23 гэхэд бүрэн шавхагдахыг баримт бичгүүд нотолж, Украины зэвсэгт хүчнийг цаашид бэхжүүлэх АНУ, НАТО-гийн төлөвлөгөөг дурдсан байна. Украин дахь сөргөлдөөнд оролцож буйгаа албан ёсны түвшинд няцаагаад байсан НАТО-гийн орнуудын тусгай хүчний төлөөлөгчид Украины нутаг дэвсгэрт байгаа нь илт болжээ. 2023 оны хоёр, гуравдугаар сарын материалд өгүүлснээр бол Украин руу Британи 50, Латви 17, Франц 15, АНУ 15, Нидерланд нэг тусгай хүчний дайчин илгээж, нийтдээ 97 хүн Украинд очоод байгаа аж.
Украины Ерөнхийлөгч амиа алдлаа гэхэд ямар уршиг бий болж болзошгүй тухай ч олны сонорт хүрсэн баримтад өгүүлсэн байв. Уг илтгэлийг бэлтгэсэн хүмүүсийн бодлоор үйл явдал ийнхүү өрнөвөл Украинд нийлүүлэх Өрнөдийн зэвсэг хорогдох гэнэ. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин амь үрэгдэж, цэргийн удирдлага нь солигдвол үйл явдал бас хэрхэн өрнөх магадлалтайг Пентагоны шинжээчид төсөөлөхийг оролдсон байна. Аливаа үйл явдал бүр зөрчил тэмцэл шатлан өргөжих, эсвэл энхийн хэлэлцээрийн замаар дуусгавар болохыг баримт бичгүүдэд дүрслэн бичжээ. Энэ сарын 13-ны шөнө нийтлэгдсэн баримтад өгүүлснээр 2023 онд энхийн хэлэлцээр хийх магадлал тун бага гэж Америкийн тагнуулын байгууллага үзсэн байна. Зөрчил тэмцэл сунжирснаар Украины удирдлага солигдоход хүрч болзошгүй гэж Пентагоны шинжээчид дүгнэж буй аж. Дайны бүхий л явцад Украины зэвсэгт хүчин 124.5-131 мянган хүний хохирол үзэхийг үгүйсгэхгүй байгаа нь дээрх материалуудаас анзаарагдана.
Өрсөлдөгчдөө төдийгүй холбоотнуудаа, түүний дотор Владимир Зеленскийг, түүгээр ч барахгүй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийг ч хайр найргүй тагнаж байдгийг Пентагоны алдагдсан нууц баримтуудаас улс орнууд мэдэж авлаа. Түүнээс гадна Украинд зэвсэг нийлүүлэх үү, байх уу хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид дотооддоо маргаж байдгийг гэрчлэх баримтууд чил болжээ. Оросын Европ дахь хамгийн ойрын түншүүдийн нэг гэгдэж байгаа Серби хүртэл бас ийм боломж хайж байдаг аж. Энэ тухай өгүүлсэн материал тэдгээрийн дотор байна. Израил улс зэвсэг нийлүүлэх гэж байгаад зориулсан баримт бас энд бий. Эндхийн эрх баригчид “АНУ-ын хүчтэй нөлөөгөөр” Украинд зэвсэг өгөхийг зөвшөөрч болзошгүй гэнэ. Түүнчлэн Израилынтагнуулын “МОССАД” алба өөрийн ажилтнуудыг Нетаньянхугийн шинэ Засгийн газар, шүүхэд түүний хийх гэж буй өөрчлөлтийг нь эсэргүүцэхийг уриалсныг нэг баримт бичигт өгүүлжээ.
Орос болон бусад улсын үйл ажиллагааны талаарх тагнуулын цуглуулсан мэдээллүүд ч нууц баримтууд дотор байна. Тухайлбал, Египет Өрнөдөөс нуун Орост 40 мянган пуужин өгөхөөр төлөвлөж байна хэмээн нэг баримтад нотолжээ. АНУ, Британийн тагнуулчдын эсрэг тэмцэлд Арабын нэгдсэн Эмират улстай хамтарч ажиллахаар тохиролцсоноо Оросын тагнуулчид ид бах болгон ярихыг нь сонсож, бичиж авсан нь нэг баримтаас тодорхой болсон байна. Ази дахь “дайснуудаа” АНУ мөрдөж мөшгөж байдгийг гэрчлэх баримт бас энд бий. Умард Солонгосын пуужингийн хөтөлбөр, Украин дахь үйл явдалд Хятад гар дүрж байж болзошгүй тухай тагнуулын мэдээлэлд үндэслэсэн баримт байна. Москвад нууцаар зэвсэг нийлүүлэхээр Бээжин төлөвлөж буй хийгээд хатуу түлшний пуужин үйлдвэрлэхэд нь зориулж эд анги Оросын армид өгөхөөр Иран хэлэлцээр хийж эхэлсэн гэх мэдээлэл хүмүүст хүрлээ.
Эдгээр нууц баримтуудын гэрэл зураг хэдэн долоо хоногийн өмнөөс Twitter болон Telegram-д тархаж улмаар томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хараанд өртөж, цаашлаад АНУ-ын холбогдох хүмүүсийн сонорт очив. Тоглогчдын бүлгийн удирдагч нь Жек Тейшейра гэдэг 21 настай залуу, тэрбээр Америкийн Массачусетс мужийн үндэсний гвардын Агаарын цэргийн хүчний тагнуулын ангид алба хашдаг болох нь энэ сарын 13-нд тодорхой болжээ. Энэ өдөр Холбооны мөрдөх товчооны зэвсэглэсэн ажилтнууд түүнийг баривчилж гэрт нь нэгжлэг хийсэн байна. Түүнээс гадна цэргийн дарга нарт мэдээлэл хийхэд нь зориулж чухал баримт хэвлэдэг Төрийн мэдлийн, Засгийн газрын нууц сүлжээний хэвлэх үйлдвэрүүдийн нэгнээс нь мэдээлэл алдагдсан байж болзошгүй гэх таамаглал хэвлэлд гарчээ. Үүнд гадаадын тагнуулын байгууллага оролцсон байхыг АНУ үгүйсгэсэнгүй.
Маш нууц мэдээлэл алдагдсанд АНУ хэрхэн хандаж байна вэ? Олонд ил болсон баримтуудыг нарийвчлан нягталж шалгах ажил үргэлжилж, тэдний заримыг засаж янзалсан нь илт ч, дор хаяж нэлээд хэсэг нь эх хувиараа байгааг хүлээн зөвшөөрсөн аж. Тухайлбал, Украин дахь дайны ажиллагаатай холбоотой баримтад Орос хийгээд Украины хохирлын хэмжээг өөрчилсөн байжээ. Мэдээллүүд алдагдсан нь АНУ-ын түүхэнд хамгийн томоохон, хамгийн их аюултай үйл явдал болохыг нэгэнт хүлээн зөвшөөрөв. Энэ үйлдэлд АНУ-ын Хууль зүйн яам эрүүгийн хэрэг үүсгэж, уг ажлыг Холбооны мөрдөх товчоо удирдах болжээ. Пентагон дотооддоо шалгалт хийж эхэлсэн бөгөөд мэдээлэл алдагдсан эх сурвалжийг эрж хайхдаа “бут, сөөг бүрийг алгасахгүй эргүүлнэ” гэж Батлан хамгаалахын сайд Ллойд Остин амлажээ. Мөрдөн шалгах ажилд нэлээд хугацаа зарцуулах нь гарцаагүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож нууц мэдээлэлд “хүрэх”, түүнийг олж авах эрхтэй ажилтнуудынхаа тоог Пентагон цөөлсөн байна. Мэдээлэл алдагдахаас өмнө ийм эрхийг 1000 орчим хүн эдэлдэг байж. Мөрдөн шалгах ажил дуусах дөхсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 13-нд мэдэгдсэн юм. Мэдээлэл алдагдсаны дараа холбоотнуудтайгаа харилцаагаа хэвийн болгох гэж АНУ ихээхэн хүчин чармайлт гаргаж байна гэж мэдээлэх болов. Америкийн батлан хамгаалах болон гадаад бодлогын байгууллагын удирдагчид гадаадын түншүүдтэйгээ байн байн утсаар ярьж, өөрсдийгөө зөвтгөхийг оролдож буй аж.
Мэдээлэл алдагдсанд бусад улс орнууд хэрхэн хандав? Орос улс нэлээд болгоомжтой хандаж байна. Энэ нь ташаа мэдээлэл түгээх зорилготой ажиллагаа байж болзошгүй гэж үзэж буйгаа ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков илэрхийллээ. Нууц баримтуудыг Кремль сонирхолтой гэж үзсэн ч Египетээс зэвсэг худалдаж авах гэж буй гэх мэдээллийг няцаав. Баримтуудад ташаа мэдээлэл байгааг бусад улс оронч мэдэгдлээ. Эмиратын нэгэн түшмэл нэрээ нууцлахыг хүсээд сурвалжлагчийн асуултад хариулахдаа Америк, Британийн тагнуулын байгууллагатай тэмцэхэд нь Оросын тусгай албадад туслахаар тохиролцсон гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Орос, Украины алинд нь ч зэвсэг нийлүүлэх ямар нэг төлөвлөгөө байхгүй хэмээн Египет, Серби улс яаравчлан мэдэгдэв. Украин ч баримтуудыг үндэслэлгүй болохыг хэлж, сөрөг довтолгоо хийхээр зэхэж байгаа гэх мэдээллийг няцаав. Тус улсын Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба үнэн, худал мэдээлэл алдагдсан ч гэсэн АНУ-ыг найдвартай холбоотон гэж үзэж байхаа өгүүлжээ. Мэдээлэлд эндүү ташаа зүйлбайгаа нь уг баримтууд зохиомол гэсэн үг биш, Америкийн албад ч алдаж болдог юм хэмээн тэндхийн хэвлэлүүдэд тэмдэглэв.
Америкийн тагнуулын мэдээлэл алдагдсан нь ямар үр дагавартай байж болох вэ? Украины хийхээр төлөвлөж буй сөрөг довтолгоонд таагүй нөлөө үзүүлж болзошгүй гэж Вашингтон болгоомжилж байна. Баримт материалын нэлээд хэсэг нь Украины зэвсэгт хүчний өнөөгийн байдалд зориулагдсан байсан юм. Алдагдсан мэдээллүүд Америкийн тагнуулын албадын мэдээлэгчдэд аюул учруулахаар барахгүй аминд нь ч хүрч болох юм гэж Пентагоны төлөөлөгч Крис Мигер хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс гадна нууц баримтууд мэдээллийн сүлжээнд орсон нь түүнээс учрах хохирлыг багасгах гэж Америкийн эрх баригчид хэчнээн хичээлээ ч АНУ хийгээд холбоотнуудынх нь харилцаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Ялангуяа Украин, Америкийн хамтын ажиллагаанд хүчтэй нөлөөлнө гэж Оросын Гадаад харилцааны яамны Дипломатын академийн Олон улсын харилцаа, судалгааны төвийн эрхлэгч Вадим Козюлин үзэж байна. Украины зэвсэгт хүчний амжилт, Украины арми, Украины эрх баригчид чухам юу хийж буй талаарх америкчуудын төсөөлөлд нөлөөлнө. Энэ судлаачийн үзэж буйгаар алдагдсан мэдээллийн нэлээн олон нь Орост нэгэнт тодорхой байсан ч Украины зэвсэгт хүчний сул талыг тагнуулчид болон шинжээчид илүүтэй мэдэж авахад тус болох аж. Түүнчлэн Америкийн сонгогчид энэ явдлыг хэдхэн долоо хоногийн дараа мартлаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нэр хүнд, ирэх онд болох сонгуульд ялах боломжид нь айхтар сөрөг нөлөө үзүүлэхэд эргэлзэх юмгүй.