"Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/-ийн эмч мэргэжилтнүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр умайн хавдартай 2 өвчтөнд хэт авиан хяналтан дор умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд ААГТМЭ-ийн захирал, АУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нар оролцсон байна.
Эмчилгээний явцад БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo оролцон эмч нарын ур чадварыг сайшааж, энэхүү эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулсан багт талархаж хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
"Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/ нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол Улсад анх удаа өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency Myom Ablation/ өсөлтийг зогсоох, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хийж эхэлсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд уг эмчилгээг нийт 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байсан аж. Түүнчлэн эмчилгээний дараа хавдар багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэх, өвчтөнд зовиур бага, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Тус эмнэлэг нь 2018 оноос эхлэн БНСУ-ын “RF Medical” төвд өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээний технологид эмч нараа сурган бэлтгэж, уг төвийн эмч нарын хамтарсан сургалтыг Улаанбаатар хотод 2 удаа зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авч, эмчилгээний арга - үр дүнгээ онол практикийн хурлуудад танилцуулан хэлэлцүүлж, хэвлүүлж байна.
Мөн эмчилсэн тохиолдлын тоо, үр дүн, туршлагадаа тулгуурлан ’’Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдар болон эндометрийг түлэх эмчилгээний удирдамж’’ боловсруулж дараагийн шатанд хэлэлцүүлэх, батлуулах зорилттой бэлтгэл ажил хийгдэж буй юм.