Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Тамгын газрынх нь дарга Я.Содбаатар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг нь ил тод болгох, нийгмийн бүлгүүдийн төлөөллийн тэгш оролцоог хангах, дотоод ардчиллыг нь бэхжүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тус төсөлд тусгасныг Тамгын газрын дарга онцолсон. Тухайлбал, намд олгох төрийн санхүүжилтийн хувь, хэмжээ, зарцуулалтыг нь нарийн тогтоож, ил тод болгосноор өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулна гэж үзэж буй аж. Мөн Төрийн тэргүүн намын шинэтгэлийг цогцоор нь, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурь баримталж байгааг тэрбээр тэмдэглэв. Дээрх төслийг боловсруулахдаа Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас хоёр удаа саналыг нь авчээ.
Төслийг өргөн барьсны дараа Я.Содбаатар тэргүүтэй ажлын хэсгийнхэн мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга “Нийт сонгогчийн хоёр хувиас дээш санал авсан нам төсвөөс шууд дэмжлэг авна. Харин нэг хувиас дээш санал авбал шууд бус дэмжлэг авах эрхтэй. Тодруулбал, улирал тутамд олон нийтийн радио, телевизээр намынхаа хөтөлбөр, үзэл баримтлалыг 30 минутын хугацаатай сурталчлах боломж нээгдэх юм. Түүнчлэн төрийн болон төрийн өмчийн компанийн заал, танхимыг жилд нэг удаа үнэгүй ашиглах зэрэг дэмжлэг авахаар төсөлд тусгасан. Үүнээс гадна хандивын хэмжээг эрс хязгаарлана. Хуулийн этгээдийн хандивт эцсийн өмчлөгчийг тооцож, бүртгэнэ. Өмнө нь охин компани, өмчлөгч аж ахуйн нэгжээрээ дамжуулан жилд хэдэн ч удаа хандив өгч болдог байсныг үүгээр хязгаарлах юм. Хуулийн этгээдийн хандивын хэмжээ жилд 27 сая төгрөгөөс хэтрэхгүй гэж ойлгох хэрэгтэй” гэв.
Бэлтгэсэн: Б.Уран