Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг ажиллаж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2016 оноос иргэдийн бүлгийг ажилуулж эхэлсэн юм.
Энэ жил төвийн зургаан дүүргийн 120 иргэнийг энэхүү бүлэгт бүртгэсэн байна. Тэд зуслан, ногоон бүс, Богд уул, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар, далан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ил задгай хогийг цэвэрлэх юм. Иргэдийн бүлгийн ажилчид өдөрт таван цагаар, сард 16 өдөр ажиллаж 640 мянган төгрөгийн цалин авна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Хот, нийтийн аж ахуйн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд иргэдийн бүлгийг ийнхүү ажиллуулж буйн зорилго нь олон цагаар ажиллах боломжгүй хүмүүс, гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Энэ жилийн хувьд 120 хүн арваннэгдүгээр сарын 30 хүртэл ажиллана. Иргэдийн бүлэгт ажиллах цагийн хөлсийг бид 8000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, тэгэхээр иргэдийн оролцоо ч өндөр, бүртгүүлсэн хүмүүсийн тоо өссөн байна.