Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ.
Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:
-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
-Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог.
Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтын дагуу Ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан:
Иргэнийг 1000-50.000 төгрөгөөр,
Албан тушаалтныг 30.000-60.000 төгрөгөөр,
Байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу ил задгай хог хаягдал шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу:
– Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, /240.000 төгрөг/
– Аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /480.000 төгрөгөөр/тус тус торгож хариуцлага хүлээлгэдэг журамтай гэжээ.