Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа” биш гэж шүүх үзлээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банканд холбогдуулан “арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгаад 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.
Нэр бүхий 9 арилжааны банк дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсууд болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар арилжааны банкнуудад Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, улмаар зөрчлийн хэрэг нээж шалгасан нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу харьяалал зөрчөөгүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж шүүх үзсэн.
Харин арилжааны банкнуудын ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шүүх хянан хэлэлцээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “тухайн зөрчлийг тогтоогоогүй, тогтоох ажиллагаа хийгээгүй”, нөгөөтээгүүр хуулиар, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд шийтгэлийн хуудаст зөрчил гэж үзсэн “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үйлдлийг дангаар салгаж хэрэглэх боломжгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх шаардлагатайг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д томьёолсон байна.
Улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж шалгасан ч зөрчил гэж үзсэн үйлдлийг нотлон тогтоох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон зохих ажиллагааг хийгээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил тогтоогдоогүй.
Хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг хууль бус худалдааны арга гэж үзэхгүй. Гэрээнд тусгасан шимтгэлийг харилцагчаар төлүүлэхийг, өөрийн үйлчилгээндээ шимтгэл тогтоож авахыг арилжааны банканд хуулиар зөвшөөрсөн, түүнчлэн шимтгэлийг үндэслэлтэй тогтоосон эсэхэд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар, энэхүү хяналт тавих чиг үүргийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо шимтгэлийн хувь хэмжээг бууруулахыг банканд санал болгохоор, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл тогтоосон шийдвэрийг нь хүчингүй болгож, нийтэд мэдээлэхээр хуульчилж, банк нь санхүүгийн үйлчилгээнийхээ зардлаа санхүүжүүлэх зорилгоор өөрөө тогтоосон хувь хэмжээгээр харилцагчаар шимтгэл төлүүлж болохоор, ипотекийн зээлийн дүнгийн 1 хувиас хэтрүүлэхгүйгээр тодорхой зардал шингээсэн хэмжээгээр шимтгэлийг зээлдэгчээр төлүүлж болохоор Монгол банк журамлажээ.
Дээрх үндэслэлээр шүүх “арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа” биш” гэж үзэж нэр бүхий 9 банканд торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6, 6.7 дахь хэсэг
Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 9.1, 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 1.3.17
Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх