Цагдаагийн байгууллагаас байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, салбарын бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлох, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурласан урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр “Хүн бүр байгаль хамгаалагч” аяны зөвлөгөөнийг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газар хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус зөвлөгөөнөөр “Нийслэлийн байгаль орчны салбар тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”, “Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж салбарыг бодлого, шийдвэрийн хэрэгжилт”, “Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээ”, “Орчны бохирдлоос үүдэлтэй, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тухайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд хүн бүрийн оролцоо чухал болох нь” сэдвүүдээр оролцогч байгууллагуудаас илтгэл, мэдээлэл тавьж нээлттэй асуулт хариулттайгаар арга хэмжээ үргэлжилж байна.