Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад хүнсний хомсдол үүсэж энгийн ард иргэдийн амьдрал ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэн, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Зүүн секторын нутаг дэвсгэрт “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-өөс хүмүүнлэгийн ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна.
Монгол Улсын цэргийн багаас Зүүн секторын “Бор” сууринд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын ротын бие бүрэлдэхүүн энэхүү “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн цувааг хамгаалах үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Энэ сарын нэгний өдрөөс 06-ны өдрүүдэд “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн хангалтын цувааны 3 дугаар цувраа болох 132 нэгж ачааны авто машин Бор-Юүай-Бор суурингийн чиглэлд алслагдсан суурин, тосгодод хүмүүнлэгийн тусламжийг хүргэх зорилгоор мотобуудлагын ротын хамгаалалтын бүрэлдэхүүний удирдлагад Этиоп улсын мотобуудлагын батальоны хамгаалалтын бүрэлдэхүүн хамтран үүргээ амжилттай гүйцэтгэлээ.
Бие бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр үндсэн үүргээ амжилттай дуусгаж байнгын байрлал руу Юүай-Бор суурингийн чиглэлд цуваа хөдөлгөөн үйлдэж эхэлсэн бөгөөд маршрутын дагуух Гадианг сууринг өнгөрөн 27 километр орчим явж байх үед уг хүмүүнлэгийн цуваа руу орон нутгийн 20 гаруй зэвсэглэсэн этгээдүүд зам дагуух бутан дундаас чиглэсэн буудлага хийсний улмаас орон нутгийн гэрээт жолоочийн ачааны авто машин дээр дайгдаж явсан энгийн 3 иргэн шархадсан бөгөөд зэвсэгт этгүүдүүд дээрэмдэх ажиллагаа явуулахыг завдсан юм.
Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын ротын хамгаалалтын бүрэлдэхүүн буун дууг сонссон даруйд цагийн байдал үүссэн хэсэгт яаралтай очин шуурхай хариу арга хэмжээг авч хамгаалалтыг зохион байгуулсны үр дүнд халдлага үйлдсэн этгээдүүд зугтсанаар уг халдлагыг амжилттай зогсоосон юм. Түүнчлэн шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлж, амь насыг нь аварлаа.
Үргэлжлүүлэн “Бор” суурингийн “Сүбээдэй” баазаас нэмэлт эргүүлийн бүлгийг томилж, орон нутгийн эмнэлгийн татан гаргалтын бүлэг, цагдаагийн хамт цувааны аюулгүй байдлыг хангах, цагийн байдлыг тогтоох зорилгоор шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ба шархадсан иргэдийг орон нутгийн эмнэлэг рүү амжилттай татан гаргасанд "UNMISS" ажиллагааны Зүүн секторын болон “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн удирдлага мөн цуваанд явж байсан хүмүүнлэгийн ажилтнууд, жолооч нар баярласнаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Ахлах дэслэгч Л.Түмэндэлгэр