Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгээ энэ сарын 8, 9-нд Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, багийн эмч нар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны мэргэжилтнүүдэд зориулан Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилттэй зохион байгуулсан уг сургалт хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү нарын албаныхан оролцож, сүрьеэ өвчнөөс иргэдийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, өвчнийг эрт үед нь илрүүлэх тандан судалгааг чанартай хийх, өвчилсөн тохиолдолд эмчилж эдгэрүүлэх нь хүн ардын эрүүл мэндийг хамгаалах замаар улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлж буй хэрэг гэдгийг хаа хаанаа анхаарч ажиллахыг хүслээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тархсан Ковид-19 халдварт цар тахлын улмаас сүрьеэгийн тандан судалгааны хүч суларч илрүүлэг 2012 оны түвшинд хүрч буурсныг анхаарахгүй орхиж болохгүйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг анхааруулаад дархлаажуулалтыг цаг тухайд нь чанартай хийх нь халдварт өвчнөөс сэргийлэх сайн арга гэдгийг ард иргэдэд ялангуяа зорилтот бүлгийн хүмүүст сурталчлан таниулах ажлыг сайн хийх ёстойг хэлсэн аж.