ШӨХТГ-аас банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотойгоор банкуудад хяналт шалгалт хийсэн. Улмаар Зөрчлийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч есөн банк тухайн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандаад байгаа аж.
Банкнаас ШӨХТГ-аас тавьсан акттай холбогдуулж гаргасан гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт хэлэлцэв.
Уг шүүх хурлын талаар хуульч О.Батхүүгээс тодрууллаа.
-Шүүх хурал хэдэн удаа хойшилсон бэ?
-ШӨХТГ-аас банкнууд ипотекийн зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлага тавьж торгоход банкнууд зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Шүүх хурал дөрвөн удаа хойшилсон, өмнөх шүүх хурлаас бүхэлд нь хаалттай явах санал гаргасан. Харин шүүх хуралдаан эхлэхэд банк иргэн хоёрын байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой асуудал, нууж хаах зүйлгүй нээлтэй явуулъя. Зөвхөн ипотекийн корпорацаас ирсэн баримт нууцын тамгатай ирсэн учир, энэ баримтыг шинжлэн судлах үед хаалтай явуулна гэж шийдсэн.
-Шимтгэл авах үндэслэлийг юу гэж тайлбарлаж байгаа вэ?
-2013 онд Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж барилгын компаниудыг дэмжье, барилгын салбарын мөнгийг тогтворжуулъя, иргэдээ орон сууцжуулъя гэдэг үндэслэлээр тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад, арилжааны банкнуудаар дамжуулж олгож буй. Дээрх зээл олгох явцад нийт есөн банк, зээл сулласны шимтгэл нэг хувь авч байгаа нь үгсэн хуйвалдсан, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон ийм нөхцөл үүсээд байна. Яагаад гэхээр аль ч банкууд нэг хувийн шимтгэл авч байна. Нэг хувийн шимтгэл авч байгаа нь хэрэглэгчийг хохироох нөхцөл үүссэн гэж харж байна. Банкны тухай хууль дээр шимтгэлийг үндэслэлтэй тогтооно гэж заасан. Тэгэхээр тухайн зээлийг олгоход гаргаж буй зардал гэдгээ нотлох ёстой. Цалингийн зээл дээр, зээлийн судалгаа хийхэд зардал гарахгүй.
Цалингийнхаа хуулгыг авчраад, нийгмийн даатгалаа үзүүлээд зээл олгоно. Тэгэхэд банкнууд өндөр хэмжээний шимтгэл авдаг. Орон сууцны зээл дээр ялгаагүй иргэд өөрсдөө гадуур явж бичиг баримтаа бүрдүүлээд очдог. Банк зээлийн хорооны хурлаар оруулаад шийддэг. Гэтэл энэ зээл олгож буй үйл ажиллагаа нь өөрөө банкны үндсэн үйл ажиллагаа. Хоёрт, банк зээл олгохтой холбоотой зардлыг хүү дээр суутгаад авах бүрэн бололцоотой. Өөрөөр хэлбэл орон сууцны зээлийг 20-30 жилд олгох хугацаанд хүү авч байгаа, энэ хүүнээсээ тооцоод авах ёстой байхад бүгд нэг хувийг авч байгаа нь буруу юм.
-Бизнесийнхэн бас гомдол гаргаад байдаг шүү дээ.
-Бизнесийн зээл дээр энэ хувь хэмжээ өөр байж болно. Бизнесийн зээлийг судлахад зардал гарна. Энэ үед тодорхой хэмжээний шимтгэл авахыг зөвшөөрч байгаа. Цалин, Орон сууцны зээл бусад зээл дээр шимтгэл үндэслэлтэй байх ёстой гэж үзэж байна.
Шүүх хурал гомдол гаргагч тал гомдлын шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ тайлбарлах үе шат дээр явж байна. Шүүхийн шийдвэрийг иргэж хүргэх болно.