Шведэд хүн амины хэрэгт холбогдсон С.Бат-Отгоны хоёр ах тус улсыг зорихоор ХБНГУ-ын Элчин сайдын яаманд очжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд тус улсын ЭСЯ-наас хоёр дахь удаагаа виз хүсэж буй гэнэ. Өмнө нь нэг удаа дүүгээ эргэхээр виз хүссэн ч татгалзсан хариу авсан аж. ХБНГУ-ын ЭСЯ-ныхан “Өмгөөлөгчөөс нь эргэх шаардлагатай гэсэн бичиг авчир” гээд буцаасан байна. С.Бат-Отгоны гэр бүлийнхэн “Стокгольмын баруун хойд хэсэгт байрлах Дэли-Хэссэлби дүүрэгт долдугаар сарын 11-нд хүний аминд хүрсэн. Хохирогч нь хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог араб залуу байсан” гэхээс илүү мэдээлэлгүй шахам байгаа аж. Тиймээс хоёр ах нь болсон явдлыг дүүгээсээ сонсох, сэтгэл санааг нь дэмжих зорилгоор очих гэж хөөцөлдөж буй аж. С.Бат-Отгоны гэр бүлд саяхан өмгөөлөгчөөс нь захидал ирж “Гэр бүлээс нь хүн ирүүлээч, түүнд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байгаа” талаар дурдсан байсан гэнэ. Өмгөөлөгчөөс нь ирсэн захидал, хүсэлтийг аваад хоёр ах нь ХБНГУ-ын ЭСЯ-нд дахин хандахаар болсон аж. Шведэд цагаачилсан, араб гаралтай Ребел Шариф гэх 18 настай залуу С.Бат-Отгоныг дээрэлхэн, яс үндсээр нь доромжилсноос болж энэ хэрэг гарсан гэж мэдээлж байгаа. Шведийн хууль хяналтын байгууллага түүний хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн ч зэвсгийн чанартай зүйл буюу хүйтэн мэс хэрэглэж хүний амь хохироосон гэсэн үндэслэлээр ял төлөвлөөд буй гэсэн. Баттай эх сурвалжийн мэдээлснээр түүнийг араб гаралтай өмгөөлөгч өмгөөлж байгаа юм байна. С.Бат-Отгон эхэндээ араб өмгөөлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй “Араб хүнийхээ талд үйлчилнэ” гэж хардаж, түүнээс татгалзаж байсан аж.
Г.РАВЖАА