Их гүрнүүдийн удирдагчдын харилцан айлчлалыг “түүхэн” гэж нэрлэх нь цөөнгүй. Энэ нь дээд түвшинд болсон уулзалтын ач холбогдлыг өргөж өгдөг. Саяхан Хятадын Си даргын Москвад хийсэн айлчлал үүний нэг жишээ болсон. Францын Ерөнхийлөгч Макрон, Еврокомиссын дарга фон дер Ляйен нарын Бээжинд хийсэн айлчлалыг ч мөн ингэж тодорхойлж болох нь.
Эхлээд Макрон л Хятад айлчлахаар төлөвлөсөн ч Европын Засгийн газрын тэргүүнтэй хамт явахаар Парист шийдсэн байна. Хэн ахлах нь ойлгомжгүй байсан ч энэ хоёр хүн Бээжинд хамт очсон шалтгааныг Франц улс Европын Холбоонд багтдаг, Хятадын талаар хоёул адил бодлого баримталдгаар нь тайлбарлаж болох юм. Энэ бодлого ямар байхаас Европын ирээдүй шалтгаалахыг фон дер Ляйен Европ-Хятадын харилцааны сэдвээр хөтөлбөрийн чанартай үг хэлэхдээ хүлээн зөвшөөрч, энэ нь ирээдүйд эдийн засаг, аюулгүй байдал, хөгжил, цэцэглэлийг тодорхойлогч хүчин зүйл болно гэж Бээжин рүү мордохын өмнө мэдэгдсэн юм.
ЕВРОПЫН ЗОЧИД СИ ДАРГААС ЮУ ХҮСЭЖ, ЯАХ ГЭЖ ХЯТАДЫГ ЗОРИВ
Тэдэнд тактикийн (Украин), стратегийн (Европ, Хятадын харилцаа) гэсэн хоёр түвшний зорилт бийгэж шинжээчид үзэж бий. Уг нь энэ хоёр хоорондоо салшгүй холбоотой юм. Тактикийн түвшинд Москвад дарамт шахалт үзүүлэх, Украин дахь үйл явдлыг нааштайгаар зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг Бээжинд ятгаж зөвшөөрүүлнэ гэдэгт европчууд найдаж байв. “Politico” сонинд “Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй илүү ойр дотно болохгүй байхыг Хятадын удирдагчид ойлгуулах дипломат найдвар өвөрлөж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бээжинг зорьж байна. Вашингтоны албан ёсны эрхмүүд түүнийг амжилт олно гэдэгт эргэлзэхгүй байгаа” гэж бичсэнбайв. “Францын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа Владимир Зеленскийг удаан хугацаагаар үргэлжлэх яриа хөөрөөнд оролцохыг Си Зиньпин уриалбал үүнийг энэ айлчлалын амжилт гэж үзэх болно хэмээн Францын дээд түвшний эх сурвалжаас эш татан “Bloomberg” бичиж байлаа. Макроны энэ төлөвлөгөө мэдээж гэнэн. Хятадыг тогтоон барих Өрнөдийн бодлогод Европыг нөлөөтэй байлгах үүднээс англосаксууд хийгээд Европын Холбооны атлант чиглэлийг баримталдаг удирдлага Европ-Хятадын харилцаа, хэлхээ холбоог сулруулах бодлого явуулж байсан юм. Хятадтай харилцан ашигтай харилцаагаа хадгалахыг Франц хүсэж үүнийг ганцаараа хийж хүчрэхгүй байв. Англосаксуудаас европчуудын хамаарал сүүлийн жилд нэмэгдэж, Хятадтай тогтоосон харилцаагаа Оросынх шиг сулдаж доройтуулахгүйн төлөө тэмцэгчдийн байр суурь Европт хүчтэй болж ирэв. Өөрөөр хэлбэл, Өрнөдөд дайсагнагч, түүний ирээдүйд заналхийлэгчийн хувьд Оростой Хятад өөрийгөө нэг эгнээнд нууж хаалгүй тавьсан зөрчилтэй байдал эхэлсэн юм.
“Европт тавьсан энэ занганаас” гарахын төлөө Макрон Украины байдлыг зохицуулахыг хүсэж, зөрчлийг царцаах нь Хятадаас хөндийрүүлэх бодлогыг үр дүнтэй эсэргүүцэхэд европчуудад тусална гэж тэрбээр үзэж байв. Хятад ч мэдээж Европыг алдахыг хүсэхгүй, гэхдээ Оростой тогтоосон харилцаагаа Европын шаардлагад нийцүүлэх бодолгүй байгаа. Си дарга Европын бие даасан байдалд итгэхгүй байгаа юм. Европчуудыг бие даасан байдлаа харуулж, англосаксын дарамтад бууж өгөхгүй, Европ-Хятадын хэлхээ холбоог эрсдэлд оруулахгүй байхыг Бээжин сүүлийн хоёр жилд нэг бус удаа уриалсан. Гэтэл европчуудын сонголтыг тэднийг төлөөлөөд Европын Холбооны удирдлага хийчихэв. “Путиний өдөөсөн дайнд Хятад хэрхэн хандах нь Европын Холбоо, Хятадын харилцаа хөгжих, эсэхийг тодорхойлох хүчин зүйл болно”. Фон дер Ляйен ингэж хэлсэн юм. Тодруулбал, хоёр талын харилцааг Хятад, Оросын харилцаанаас шууд хамаарахаар болгосон нь Хятадын хувьд хүлээж авч болшгүй байр суурь юм. Үүнээс гадна Еврокомиссын дарга Хятадын бодлогын тухайд хэд хэдэн удаа шүүмжлэлтэй хандсан байдаг. Түүний заримаас дурдвал, “Хятадын стратегийн байр суурь урьдчилан төлөвлөж ихээхэн чангарч байгааг бид хэсэг хугацаанд ажиглалаа. Одоо энэ бүхний араас шаргуу үйлдлээ нэмэгдүүлж байна”. “Хятад цэргийн хүчин чадлаа бэхжүүлж, худал мэдээ түгээх бодлогоо, эдийн засаг, худалдааны албадлагаа хүчтэй болгож байна. Энэ нь бусад улс руу чиглэсэн урьдаас төлөвлөсөн бодлого юм”. Европын комиссын тэргүүн Бээжинд очихын өмнө хэлж байсан эдгээр үгийг нь тусгайлан авч үзвэл тэнд очоод үүсгэх яриа хөөрөө нь ач холбогдолгүй, үнэн хэрэгтээ Хятадтай хэл амаа олно гэдэгт итгэхгүй байжээ гэлтэй. Нэг жилийн өмнө шахам Европын гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррель Европ, Хятадын хооронд хэл амаа ололцох гэсэн оролдлогыг “хэлгүй, дүлий хүмүүсийн үйлдэл” гэж нэрлэсэн нь санамсаргүй юм биш. Европын Холбоо түншлэлээс өрсөлдөөн, сөргөлдөөний бодлогод шилжсэн бол Европын зарим улс Хятадаас хөндийрөхөд бэлэн бус байна. Түүгээр ч барахгүй “Хятадаас хөндийрөх бодлого нь Европын хувьд сүйрэл болно гэдгийг тэд сайн ойлгож байгаа юм. Энэ сүйрэл Европын Холбооны хувьд эхлээд эдийн засгийнх байснаа дараа нь улс төрийнх болно. Үүнийг сохор юм уу, цагааныг хар болгодог хүмүүс л олж харахгүй байж мэднэ. “Түүний хэлснээр Хятадын бодлого, харилцаа хандлагыг гуйвуулсан, буруугаар ойлгосон юм олон байсан. Фон дер Ляйенд элүгийг бэлтгэж өгсөн хүн Хятадыг ойлгоогүй юм уу, эсвэл Хятадын хандлагыг зориуд гуйвуулсан байна” гэж Европын Холбоонд суугаа Хятадын байнгын төлөөлөгч үзсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд төдийлөн амжилттай хөгжихгүй байгаа Европын Холбоо, БНХАУ-ын олон талт хэлхээ холбооны учрыг олохыг Еврокомиссын дарга хичээж байгаа юм. Урсула фон дер Ляйен, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар өнгөрсөн долоо хоногт Бээжинд очсоныг Брюссельд ч, Парист ч ажиглагчид үүнтэй холбон үзэж байна. 2022 онд Хятад нь Европын Холбооны орнуудын томоохон экспортлогч, тэднээс авдаг барааны хэмжээгээр гуравдугаарт орсон байдаг. Европын удирдагчдын энэ айлчлалыг Хятадын дарга Си Зиньпин юуны урьд Европын Холбоотой эдийн засгийн хамтын ажиллагаагаа цэгцлэхэд ашиглахыг хичээнэ гэж Европын зөвлөлийн олон улсын харилцаа эрхэлсэн судлаач Алисия Бачульска үзэж байна. “Манайд Герман, Франц гээд томоохон тоглогч бий бөгөөд “ердийн бизнес” рүү эргэж очихыг тэд ихэд сонирхож байгаа. Макрон бизнесийн төлөөлөгчдөө дагуулж очлоо. Эдийн засгийн хамтын ажиллагаа урьдын хэвээр Парисын төлөвлөгөөнд чухал байр суурь эзэлж буйн дохио нь энэ юм. Европ бүхэлдээ Хятадаас нүүр буруулахгүйг хичээж буй нь фон дер Ляйений хэлсэн үгнээс харагдаж байна” гэж Алисия Бачульска дүгнэсэн юм. Дотооддоо нэлээд хатуу ширүүн, хилийн чанад руу шаргуу хичээнгүй болж байгаа Хятадтай харилцахдаа эрсдэлийг багасгах нь чухал гэдгийг Европкомиссын тэргүүн онцлон тэмдэглэжээ. “Си Зиньпинийн ревизионист үзэл, амбицын далайцыг түүнчлэн манай эдийн засаг сүүлийн арван жилд сүрхий улс төржсөнийг бодолцвол үүнийг амьдралд хэрэгжүүлэхэд ихээхэн төвөгтэй байх болно.
Си дарга Хятад улсаа гадны аюулаас хамгаалахыг хичээж байгаа” хэмээн мөнөөх судлаач Алисия Бачульска байр сууриа илэрхийлжээ. Эммануэль Макрон Хятадыг Оростой улам бүр ойртож буй үйл явцыг удаашруулахыг хүсэж буйч Хятад-Оросын харилцаа тэгэх тусам нь стратегийн шинж чанартай болж байгаагаас чиглэл хандлагаа өөрчлөх боломж ФранцынЕрөнхийлөгчидтун бага болсныг шинжээчид анхааруулсанюм. Москвад үзүүлж буй цэргийн дэмжлэгээ цаашид үргэлжлүүлбэл түүнээс учрах үр дагаварыг Бээжинд урьдчилан сануулахаас Макрон, фон дер Ляйен нар хэтэрч чадахгүй гэж Парисын улс төрийн судалгааны хүрээлэнгийн ахлах багш Антуан Бонда хийсэн тайлбартаа өгүүлжээ. Түүнчлэн Беларусьт Орос цөмийн зэвсгээ байрлуулбал түүнээс учирч болох аюулыг ойлгуулахыг тэд бас оролджээ. Ерөнхийлөгч Макрон энэ асуудлыг Хятадад хоёр шалтгаанаар хөндсөн байна. Нэгдүгээрт, Франц улс яриангүй цөмийн гүрэн юм. Хоёрдугаарт, Америк, Британиас ялгаатай нь Франц цөмийн зэвсэг хамтран хэрэглэх ямарваа яриа тохиролцоонд хамрагдаагүй аж. Си Зиньпинд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж чадахаа Францын Ерөнхийлөгч мэдэж байгаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ч гэлээ Хятадтай харьцуулбал Франц одоо улс төрийн жин багатай. Тиймээс харьцаа маш их ялгаатай болохоор Си Зиньпинд Макроны үзүүлэх нөлөө тун бага байх нь. Тэгэхдээ л оролдоод үзэхээс яалтай. Хоёр биенээ хянаж байхад ашиглах технологи Европын Холбоо, БНХАУ-ын харилцаанд чухал хүчин зүйл байна гэдгийг шинжээчид хүлээн зөвшөөрөв. Хятад улс экспортын төв болсон хэвээр, Европын зах зээлээс үлэмж хамааралтай ч энэ нь тэр давамгайлах чанартай гэсэн үг биш. Нөгөө талаас геополитикийн аливаа түншээс хамааралтай байхгүйн тулд Европын Холбооны бодлого стратегийн бие даасан байдал руу илүүтэй чиглэх нь эргэлзээгүй.