Ямар учир холбогдолтой нь тодорхойгүй, дөрвөлжин саарал гантиг чулуунуудыг нийслэлийн төв талбай, чухамдаа Төрийн ордныг тойруулж тавиад олон нийтийн шүүмжлэлийн мөрөөр үтэр түргэн зайлуулсан нь саяхан билээ. Олон нийтийн сүлжээнд шог зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр “Шарилын чулуу шиг юмнуудыг ингэж өрдөг нь яаж байгаа юм бол” гэж бичсэн даруйд хүмүүс санал нэг байгаагаа илэрхийлэн ар араасаа буруушаасан. Өдгөө тэр саарал чулуунууд Баруун дөрвөн зам хавьцаа хүний хөлд тээг болон, хотын үзэмж гутаан байдаг билээ. Эдгээр чулуугаар төв талбай, Төрийн ордон тойруулж тавих гэсэн нь хэн санаачилж, хэн дэмжиж, хаанахын санхүүжилтээс хумсалсан ямар учир зорилго, ач холбогдолтой төсөл байсан талаар хэн ч мэдээлээгүй, шуугиан тэгсхийгээд намжсан.
Гэтэл өдгөө Төрийн ордон тойруулсан хашааны зүүн жигүүрийнхийг урдаас нь хойш, харуул хамгаалалтынхны байр хүртэлх зайд буулган, түр хашаад буй юм. “Зам засварын ажил явагдаж байна”, “Барилгын ажил явагдаж байна. Бидний ажлыг хүндэтгэн анхаарал болгоомжтой зорчсонд баярлалаа. 2023.04.09 хүртэл зорчих хэсгийг хязгаарлаж байна” гэсэн бичиг хаджээ. Түр хашааны завсраар шагайж харвал явган хүний замын талыг ташраар нь хуулчихаж. Тэрхүү хуулсан хэсгээс доош нүдэн баримжаагаар хоёр метр хэрийн гүн нүх ухжээ. Нүх урдаас, дээр дурдсанчлан, хойно байх харуул хамгаалалтынхны байр хүртэл үргэлжилж байх шиг. Амралтын өдөр ч гэлээ өчигдөр тэнд хоёр залуу ажиллаж байв. Тэд “Явган хүний зам засаж байна” гэв. Шинэ чулуунууд авчрах гэнэ. Шинэчлэх гэж байгаа юм бол яагаад хагасыг нь хуулсныг асуухад “Мэдэхгүй. Хий гэснийг нь л хийж байна” гэлээ. Гүнзгий нүхний учрыг асуухад “Суурь байх юм аа. Бид гүйцэтгэгч байгууллагын хүмүүс.
Өөр мэдэх зүйл байхгүй” гээд таг болов. Тэр хэсгийн явган хүний зам засахаар хэмжээнд муудсан байсан билүү. Нийслэлийн хаа сайгүй байгаа, аврал эрсэн замуудын дэргэд харин ч боломжийн байсан бус уу. Эсвэл дарга нар суудаг ордны хашааны гадаах зам гэхэд арай үзэмжгүй гээд шинэчлэхээр болов уу. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 онд баталсан MNS6808 буюу “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага” гэсэн стандарт ёсоор явган хүний замын хавтанг хуулахдаа иргэдийн тав тухыг алдагдуулахгүйгээр, аль болох богино хугацаанд хэвийн байдалд оруулах ёстой аж. Хуулж авсан хавтанг эвдэлж гэмтээлгүй зөөж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулахгүй газар хадгалах ёстой аж. Гэтэл энэ удаа гэмтээхгүй байх нь бүү хэл, явган хүний замын тэхий голоор нь “хөрөөдөн” хашиж, хуулж авсан хэсэг нь зүгээр л хог болсон бололтой. Хашааны завсраар тэгж харагдаж байв. Уг замыг буулгах ажлыг өнгөрсөн сарын 23 наас эхэлсэн бөгөөд өчигдөр дуусгахаар зарласан ч хугацаандаа лав амжсангүй. Хэдий болтол тухайн хэсэг хаалттай байх юм бол. Энэ ч яах вэ, хэд хоног хойш татах нь байна гэж үзье. Гагцхүү харьцангуй ашиглалт сайтай байсан замыг шинэчлэх болсны шалтгаан юм юм бол. Уг ажилд хаанаас хэдий хэрийн хөрөнгө зарцуулж байна вэ . Иргэдийн татварын мөнгөнөөс бүрддэг төсвийн цөөн хэдийгээ энэ мэт дарга нар суудаг ордны орчин тойрныг сайжруулахад зориулаад, үргүй зараад байхыг уламжлал болгож болох юм уу. Төрийн ордны хашааны гадаах явган хүний замыг шинэчлэхийн оронд манай сонин өмнө нь хөндөн бичиж байсанчлан ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээсэнсэн бол харин нийслэл даяараа талархах байлаа.
Бэлтгэсэн: Р.Жаргал