УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн оны тайланг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүн Б.Энхбаяр “Бид үндсэндээ “Ковид-19” цар тахлын үеийн төрийн албаны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Энэ үед цагдаа, эмч зэргээс бусад нь цахимаар, зайнаас цалинтай ажилласан. Гэтэл яагаад төрийн алба данхайчихав. 10 хүрэхгүй жилийн өмнө төр 140 мянга хүрэхгүй албан хаагчтай байсан. Тэгвэл одоо бараг 100 мянгаар нэмэгдсэн нь бидэнд “Төр дангаараа ажил олгогч болж хувирлаа” гэсэн дохио өгч буй хэрэг. Цэргийн дэглэмтэй, социалист улсад л бүх хүн нь төрд ажилладаг байж магадгүй. Энэ нь хувийн хэвшил, чөлөөт эдийн засгийг хумьж байна гэсэн үг” хэмээгээд, цар тахлын үеийн түр томилгооны талаар тодруулсан юм. Үүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Цаашид бид чиг үүргийн шинжилгээг байгууллага бүрээр хийх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг цахимжуулж, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилган, үйл ажиллагааг нь сайжруулж, нягтруулснаар хэмнэж болох орон тоо бий, эсэхийг тогтооно гэсэн үг. Ингэснээр эхний ээлжид төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх, улмаар бууруулах зарчмын шинэчлэлийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэж хариулав. Тайлант хугацаанд улс төрийн албан тушаалтан 406-гаар цөөрсөн нь сайн ч төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулсантай холбоотойг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүн тодотгосон юм.
Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж эхэлсэн 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс өнгөрсөн оныг дуусталх хугацаанд тус хуульд заасан зохицуулалтын дагуу нийт 2808 иргэнийг төрийн албанд томилжээ. Үүнээс хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 794 иргэнийг чөлөөлсөн байна. Харин 823 иргэн чөлөөлөгдөөд, сонгон шалгаруулалтад орж тэнцэн, төрийн албанд буцаж ажиллах болсон байна. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр “Ковид”-ын гэх хуулийн дагуу томилогдсон 1191 хүн төрийн албанд ажиллаж буйгаас 93.4 хувь нь захиргааны, бусад нь тусгай болон үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нар аж.
Мөн гишүүн О.Цогтгэрэл “Төр нэг гараараа “Авлигатай тэмцэж байна” гэж сэлэм сугалаад, нөгөө гараараа албан хаагчдынхаа тоог хэдэн арван мянгаар нэмж, төсвийн зардлыг хэдэн их наядаар өсгөж байна” хэмээн цахимжуулах бодлогын үр дүн төрийн албанд хэрхэн нөлөөлж буй, эсэхийг тодруулсан. Үүнд Ажлын албаны дарга Г.Билгүүн “Цахимжуулах ажлыг хийж байгаа. Гэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулснаар хэдэн орон тоог хэмнэх боломжтой гэсэн тооцоо, судалгааг улсын хэмжээнд нэгтгэж гаргаагүй” гэв.