Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар тамирчид, дасгалжуулагчдыг шагнаж урамшуулах журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулдаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд зарим өөрчлөлт оруулжээ. Эл журмын дагуу олимп, паралимп, ДАШТ-д амжилт гаргасан тамирчдад сар бүр урамшуулал олгодог. Тэгвэл уг урамшууллыг ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчдад олгохгүй байхаар журамд нэмэлтээр тусгажээ. Спортын бусад наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт ч Засгийн газраас урамшуулал олгохдоо энэхүү зарчмыг баримтлах аж. Өөрөөр хэлбэл, ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчин, дасгалжуулагчдад ямар ч тохиолдолд Засгийн газраас шагнал олгохгүй байх нь.