УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг төслийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн боловсруулсан бөгөөд ахлагчаар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, бүрэлдэхүүнд нь УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүн Т.Доржханд нар ажиллажээ. Тэд санал нэгтэйгээр төслөө өргөн барьсныг ажлын хэсгийн ахлагч онцолсон юм.
АЖЛЫН ХЭСЭГ: 50:50
Төслийн хамгийн гол өөрчлөлт нь сонгуулийг холимог тогтолцоогоор буюу УИХ-ын 38 гишүүнийг тойргоос (мажоритар), үлдсэн 38-ыг нь жагсаалтаас (пропорциональ) сонгох хэлбэрээр явуулахтай холбоотой. Ахлагч Н.Энхболд “Сонгогчдын саналыг гээхгүй байхад холимог тогтолцоо ач холбогдолтой. Сонгуульд оролцсон иргэдийн саналын бараг тэн хагас нь парламентын гадна үлдэж байгааг шүүмжилж ирснийг үүгээр засаж, одоогоор манайд хамгийн тохирох хувилбар гэж үзэн эл тогтолцоон дээр тогтлоо. Мөн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг парламентад өргөнөөр хамруулахын тулд эл тогтолцоог сонгоод байна. Түүнчлэн гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг хангах үүднээс сонгуулийн зохион байгуулалттай холбоотой заалтуудыг илүү боловсронгуй болгож тусгасан. Үүнээс гадна сонгуулийн зардлыг хэмнэх, мөнгөний нөлөөг багасгахад холимог тогтолцоо давуу талтай. Бид 2024 оныг бус, өнгөрсөн 30 гаруй жилд явуулсан сонгуулиуд, тэдгээрийн үр дүн, нийгэмд үзүүлсэн нөлөө, иргэдийн байр суурь, сонгогчдын хүсэл эрмэлзлийг харгалзан тусгаж, төслөө боловсрууллаа” гэв.
Гишүүн Т.Доржханд “Холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулахаар төслийг нь өргөн барьж байгааг иргэд, сонгогчид маань таатай хүлээн аваарай. УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, удирдлагууд нь бүрэн ойлголцсоны үндсэн дээр уг төслийг боловсруулж, бүгд жигд оролцоотой ажиллалаа. УИХ-д суудалтай, эсэхээс үл хамааран бүх намаас саналыг нь авч, тусгасан. Бид зарчмаа тохирч чадлаа. УИХ-ын гишүүдийн талыг пропорциональ хувилбараар сонгосноор бид бодлого ярих боломж бүрдэж, сонгодог парламентын засаглал руу илүү ойртоно. Мөн гадаадад амьдарч байгаа 200 мянга гаруй иргэн саналаа өгөх нөхцөл бий болох юм. Нөгөө талаас нийгмийн төлөөлөл, тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог өсгөх зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, жагсаалтад нэр дэвшигчдийг эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжүүлэн байршуулах заалт төсөлд бий” хэмээн онцолсон юм.
Төсөлд аль нэг хүйсийн төлөөллийг 30-аас доошгүй хувь байхаар тусгасан байна. Мөн пропорциональ хувилбараар явуулах сонгуулийн босгыг гурван хувиар тогтоожээ. Гэхдээ хоёр нам эвсвэл тав, гурав болон түүнээс дээш нам байвал долоон хувийн босготой байх аж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногоос намын бүлэг, байнгын хороодоор хэлэлцэж эхлэх бололтой.
Нэр дэвшигчдийг жагсаалтаар сонгох талаар тодруулахад Н.Энхболд “Пропорциональ хувилбараар сонгох нэр дэвшигчийн жагсаалт нээлттэй байна. 2012 оны сонгуулийг бодвол илүү олон хүний нэр бүхий жагсаалт гаргах байх. Тиймээс сонгогчдын хариуцлага ч өндөрсөх болов уу” хэмээсэн бол гишүүн Д.Тогтохсүрэн “Жагсаалттай холбоотой хоёр шүүмжлэл гардаг. Тэдгээрийг энэ төслөөр хаасан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, жагсаалтын ард үл бүтэх хүмүүс нуугддаг гэдэг. Иймд жагсаалтаас намыг ч, нэр дэвшигчийг ч сонгож, санал өгөх боломж бүрдүүлсэн. Ингэснээр улс төрийн намууд хамгийн шилдэг, хамгийн их санал авах хүмүүсээ жагсаалтад оруулах нөхцөл бүрдэх юм. Хоёрдугаарт, тойрогт өрсөлдөж “уначихаад” жагсаалтад бас ордог хэмээн шүүмжилдэг. Үүнийг хаана. Өөрөөр хэлбэл, тойрогт болон жагсаалтаар зэрэг нэр дэвшихгүй” гэж тайлбарлав.
АН: 48:28
Гэхдээ төслөө өргөн мэдүүлсний дараа ажлын хэсгийнхэн мэдээлэл хийхэд АН-ынхан оролцоогүй. Сөрөг хүчний зүгээс холимог тогтолцоог дэмжиж байгаа ч тойргоос 48, жагсаалтаар 28 хүнийг сонгох нь зүйтэй гэж санал нэгдсэн учраас тусдаа төсөл боловсруулсан аж. Энэ талаар гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар мэдээлэл хийсэн юм. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол Улс өргөн уудам нутагтай. Өмнө нь 48:28 гэсэн хувилбараар сонгууль явуулсан туршлага бий. Энэ бүхнийг УИХ дахь бүлэг болон намын удирдах, дээд байгууллагын түвшинд ярьж, олонх нь зүйтэй гэж үзсэн учраас ажлын хэсгийн гишүүний хувьд 50:50 гэсэн хувилбарыг дэмжих боломж байгаагүй. Тиймээс төслөө тусдаа өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад төслүүдийг нэгтгэн хэлэлцэх боломж бүрдэх болов уу” гэж тайлбарлаж байлаа.
Тэдний төсөлд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувь байхаар тусгаснаас гадна сонгуулийг шударга явуулахтай холбоотой, зохион байгуулалтын шинж чанартай зохицуулалт нэлээд байгаа гэнэ.