Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталж, энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр бүх хүүхдэд бус, 91 хувьд нь мөнгө олгохоор болсон билээ. Гэтэл хүн амын бүртгэлийн программын алдаанаас болж мөнгөө авч чадахгүйд хүрсэн хүүхдийн тоо нэмэгдэж, иргэдийн дунд нэлээд бухимдал үүсгэсэн. Эл асуудал өдгөө ч бүрэн шийдэгдээгүй үргэлжилсээр, иргэд ч хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар байна.
Шийдвэр гаргагчид “Мэдээлэл нь зөрүүтэй 69 910 хүн цахим системд хандаж, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан. Мөн мэдээллээ залруулсан зарим иргэний хүүхэд мөнгөө авч эхлээд байна. Цахим системд гарсан алдааг хаана хаанаа залруулан ажиллаж байгаа. “Е-Mongolia” системд улсын бүртгэлийн 90-ээд төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Төрийн байгууллагууд уялдаагүй ажилладаг, мэдээллээ цаг тухайд нь солилцдоггүйгээс алдаа гарсан” гэж байв. Ийм маягаар албаныхан асуудлыг шийдсэн, мэдээллийн зөрүүг зассан, улмаар хүүхдийн мөнгийг хэвийн олгож буй хэмээж байгаа. Гэсэн ч бодит байдалд асуудлыг бүрэн цэгцлээгүй аж.
Тодруулбал, цахим системд буруу оруулсан мэдээллээ шинэчлүүлэх хүсэлтээ явуулсан ч хариу ирүүлээгүй, ялангуяа өрхийн бүртгэлийн мэдээлэл нь засагдаагүй байгааг иргэд хэллээ. Энэ мэт алдааг хороо, дүүргийнхэн болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрхэн шийдвэрлэж байгааг зарим иргэнээс тодруулсан юм. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн О “Би гурван хүүхэдтэй, ам бүл тавуулаа амьдардаг. Хүүхдийн мөнгө авах боломжтой, эсэхээ шалгахад ам бүлийн тоо дөрөв гэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд минь бүртгэлд байгаагүй. Тиймээс хорооны нийгмийн ажилтанд хандахад “Танай хүүхэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд, Отгонжаргал гэдэг хүний хүүхэд болоод бүртгэгдсэн байна. Хүүхдийн мөнгөнд хамрагдаад, мөнгө нь оржээ. Харин нөгөө хоёр хүүхдийн хувьд танайх ам бүл дөрвүүлээ, боломжийн амьдралтай гээд мөнгөнөөс хасагджээ” гэсэн. Нэг хүүхдийнхээ бүртгэлийн мэдээллийг засуулъя гэтэл “Тэгвэл танай хүүхэд мөнгөнөөс хасагдана шүү. Дараа сараас хасагдвал гомдолгүй биз дээ” гэж хэлээд манай ам бүлийн тоог тав болгож зассан. Дараа сараас нь гурван хүүхдийн мөнгө хэвийн орсон” хэмээн ярилаа. Хорооны бүртгэлийн ажилтнууд ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддагийн жишээг эндээс харж болохоор.
Хорооны ажилтнууд ийм байдлаар иргэдийн хүсэлтэд тун тоомжиргүй хандаж байгааг Баянгол дүүргийн иргэн Б ч хэлэв. Тэрбээр “Би өрх толгойлсон, хоёр хүүхэдтэй ээж. Том хүүхэд минь насанд хүрч, энэ жилээс тусдаа амьдарч байгаа. Манай гэр бүлд мэдээллийн зөрүү гараагүй. Тэгсэн мөртлөө 50 сая төгрөгөөс дээш орлоготой гэж бүртгэгдсэн байсан. Мөн татварын орлого хэт өндөр байлаа. Үүний дагуу мэдээллээ шинэчлэх хүсэлт цахимаар явуулсан. Бас өрхийн амьжиргааны түвшнээ үнэлүүлэх хүсэлтээ хааш нь, хэрхэн явуулах талаар лавлахаар Баянгол дүүргийн II хорооны халамжийн ажилтнаас зөвлөгөө авсан юм. Тэгэхэд цахимаар хандах, эсвэл утсаар мэдээлэл авахыг зөвлөсөн. Ингээд ХНХЯ-ны 1800-0724, 70107020 дугаарын утас руу бараг долоо хоног тасралтгүй залгалаа. Харамсалтай нь, огт хариу авч чадаагүй. Утсандаа ер хариулдаггүй, авдаггүй юм билээ. Дараа нь дүүргийн халамжийн ажилтанд хандахад “Бид энэ мэдээллийг гаргаагүй, ямар ч оролцоогүй учраас мэдэхгүй” гэсэн хариу өглөө. Энэ мэтээр дүүрэг, хорооныхон ямар ч мэдээлэл өгөөгүй. Хүмүүсээс нэлээд лавласны эцэст өрхийн амьжиргаагаа үнэлүүлэх хүсэлтээ арайхийн өнгөрсөн сарын 16-нд “E-Mongolia”-гаар дамжуулан гаргасан. Уг нь ажлын 3-7 хоногийн дотор шийднэ гэсэн юм. Энэ хугацаа нь хэтэрсэн ч одоо болтол хариу байхгүй” гэв.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд зааснаар бол тухайн өрх жилд нэг л удаа хүсэлт гаргах буюу амьжиргааны түвшнээ тооцуулах аж. Үүний дараа нэг удаадаа мэдээллээ шинэчлэн илгээж болох гэнэ. Хүүхдийн мөнгө авах хүсэлттэй холбоотойгоор иргэд голчлон “Цалингийн мэдээлэл алдаатай байна” гэсэн шалтгаанаар холбогдох албаныханд ханджээ. Иргэдийн хүсэлттэй холбоотойгоор ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгааг Баянгол дүүргийн 27 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Үржинцэндээс лавлахад “Хүн амын шилжилт хөдөлгөөн байнга үргэлжилдэг. Иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэчихээд тухайн хорооныхоо зохион байгуулагчид хандан хаяг, ам бүлийнхнээ бүртгүүлэх ёстой. Хамгийн гол нь тухайн хаягт нь өөр хүн бүртгэлтэй, эсэхийг шалгах шаардлагатай. Байгаа бол бүртгэлээс заавал хасуулах ёстой юм. Тэгэхээр бүртгэлийн алдаа гарсанд нэг талаас иргэдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэсэн үг. Хүн амын өрхийн бүртгэл хөтөлдөг программ нь тухайн өрхийн гишүүдээс хэн нэгнийг автоматаар хасдаггүй. Саяхан манай хороонд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн бидэнд хандаж зөвлөгөө авсан юм. Тухайн иргэн гэр бүлийнхэнтэйгээ байр түрээсэлж амьдардаг. Өрхийн бүртгэл хийлгэх гэхээр зөвхөн түрээсийн гэрээтэй, өөр шилжиж очих хаяггүй, үл хөдлөх хөрөнгөгүй. Тиймээс тухайн айл амьжиргааны түвшнээ тооцуулах боломжгүй, улмаар хүүхэд нь ч мөнгөн тэтгэмжид хамрагдаж чадахгүй байгаа юм. Ийм айл маш олон. Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чмөнгөн тэтгэмжид хамрагдаж чадаагүй ийм жишээ олон байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөн тэтгэмж зорилтот бүлэгтээ хүрээгүй. Манай хорооны иргэдээс зөвхөн нэгдүгээр сард гэхэд “E-Mongolia” аппликэйшн рүү 100 гаруй хүн мэдээлэл засуулах, залруулах хүсэлтээ илгээсэн. Тэднээс тал орчим хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй үлдлээ. Олонх нь гадаадад амьдардаг, байр түрээсэлдэг зэрэг шалтгаантай” хэмээн ярилаа.
Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрөгч сард хэдэн хүүхэд мөнгөн тэтгэмжид хамрагдсан, иргэдийн зөрүүтэй мэдээллийг хэрхэн залруулж байгаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнх нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл гомдол, хүнс тэжээл хариуцсан мэргэжилтэн Ш.Нарангэрэлээс тодрууллаа. Түүний мэдээлснээр Баянгол дүүрэгт 2023 оны байдлаар нийт хүүхдийн 83.7 хувь буюу 77 530 нь мөнгөн тэтгэмжид хамрагджээ. “Өрхийн амьжиргааны түвшнийг дахин тооцохдоо таван байгууллагын мэдээлэлд тулгуурлан, Үндэсний статистикийн хорооноос гаргасан аргачлалын дагуу тусгай программаар уншуулдаг. Дээрх таван байгууллагын зургаан мэдээллийн аль нэгт өөрчлөлт орсон бол хүсэлтээ илгээж, өрхийн амьжиргааны оноогоо дахин бодуулах юм. Энэ нь хүүхдийн тоо болон өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалд тулгуурлан гаргасан хамгийн боломжит үзүүлэлт. Хүн амын өрхийн мэдээллийн сан нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан программ. Харин хүн амын улсын бүртгэлийн программ нь “Хур” системд холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амыг бүртгэдэг хоёр өөр программ байдаг учраас өрхийн мэдээлэлд зөрүү их гарсан. Хоёр программын мэдээллийг тулгаж, цэгцэлж байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үйлчилгээг манайх хариуцдаг. Манайд хоёр хүн ажилладаг болохоор маш их ачаалал үүссэн. Тиймээс хүн нэмж сар гаруйн хугацаанд ажиллууллаа. Тэгж байж энэ асуудлын ард нь гарсан. Иргэд ч мэдээллийн зөрүүгээ яаж засуулахаа одоо сайн мэддэг болсон. Ер нь зарим хороо хүний нөөцийн хомсдолд ороод байна. Баянгол дүүрэг 34 хороотой. Хороо бүр нэг мэргэжилтэн байх ёстой. Гэтэл зарим хорооны мэргэжилтэн цалин бага, ачаалал ихтэй гээд ажлаасаа гарсан” гэж Ш.Нарангэрэл хэлэв.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчилсэн нь “хөрсөндөө буугаагүй”-г дээр дурдсан жишээнүүдээс харж болох биз ээ. Төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүүхдүүд нь мөнгөн тэтгэмжид хамрагдаж чадаагүй иргэд удахгүй асуудал шийдэгдэх биз хэмээн хүлээсээр ийнхүү дөрвөн сарын нүүр үзээд байгаа аж.
Бэлтгэсэн: Ж.Бурмаа