Төрийн нийт албан хаагчийн тоо (мянга)
Эх сурвалж: “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлан-2022”
Төрийн албан хаагчдын тоо түүхэн дээд түвшинд хүрч, нийт хүн амд эзлэх хувь нь 6.68 болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өссөн дүн бөгөөд нийт ажиллах хүчний 17 хувь нь төрийн албанд ажиллаж байна гэсэн үг. Төрийн албан хаагчдын нийт хүн амд эзлэх хувь арван жилийн өмнө 5.78 байсан бөгөөд тэд өдгөө 225.2 мянга болсон нь урьд оныхоос 16.3 мянгаар нэмэгдсэн дүн юм. Дээрх хугацаанд төрийн албан хаагчдын тоо тасралтгүй нэмэгдсэн ч 16.3 мянга гэдэг тоо бол бас л өнгөрсөн 10 жилд байгаагүй өсөлт аж. 2013-2014 онд 14.1 мянгаар нэмэгдсэнийг эс тооцвол төрийн албан хаагчдын тооны өсөлт жилд 1000-6500 хавьцаа хэлбэлзэж ирсэн байгаа юм.
Яам, агентлаг ч олширсон байна. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Засгийн газрын 16 яам, 38 агентлаг байгааг “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлан-2022”-т дурджээ. Тодруулбал, 2013 онд 16 яам, 30 агентлаг ажиллаж байв. Тухайн үед буюу Н.Алтанхуягийн Засгийн газрыг агентлаг байгууллаа хэмээн шүүмжилж байсан ч тоог нь 30-аас хэтрүүлж байсангүй. Харин 2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан 27 байсан агентлаг, 13 байсан яамны тоог долоон жилийн турш тасралтгүй нэмсээр өнөөдөртэй золгов. Тэгж яривал энэ оны төсвийг батлахдаа оны эхнээс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, нэгдүгээр сард Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг Шүүх шинжилгээний ерөнхий газар, хоёрдугаар сард Хөрөнгө оруулалт, худалдааны газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг байгуулсан нь Төрийн албаны зөвлөлийн тайланд дурдсан тоонд ороогүй байгаа юм. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, чиг үүргийг нь харьяалах яам, төрийн бусад байгууллагад шилжүүлсэн ч Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулан, орон тооны дээд хязгаарыг нь 150 байхаар баталсан нь нэр өөрчилсөн ч тоо хэвээр.
Манайд сонгууль бүрийн дараа ялсан нам нь боловсон хүчнээ тавихын тулд албан хаагчдыг халж, сольж, зориуд ажлын байр, орон тоо бий болгох замаар төрийг данхайлгадаг. Жишээ нь, 14.1 мянгаар нэмэгдсэн цаг хугацааг харвал 2012 оны сонгуулиар АН олонх болж, эрх баригч хүчин солигдсон үе таарч буй. Харин 2016 оноос хойш буюу хоёр сонгууль дараалан ялж, намынхнаа төрийн албанд хэдийн шургуулж, нутагшуулчихсан байх “учиртай” Ардын намынхан өнгөрсөн онд албан хаагчдын тоог гэнэт ингэж нэмэгдүүлсний шалтгаан юу байв. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд 17 цэцэрлэг, 11 сургууль, дөрвөн эмнэлэг, нэг шинжлэх ухааны хүрээлэн, дөрвөн соёлын төв, төрийн захиргааны 31 гээд нийт 70 байгууллагыг шинээр бий болгожээ. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албан хаагч 152.2 мянга болж өмнөх оноос 14 600-гаар өссөн бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёр ээлжтэй байлгах, бага насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, улмаар багш нарын сурагчидтайгаа ажиллах цаг нэмэгдэх гол хөшүүрэг болсныг тус тайланд онцолжээ. Үнэхээр ч үйлчилгээний албан хаагчдын тоо 2020-2021 оны өсөлтөөс зургаа дахин нэмэгдсэн байна. Мөн улс төрийн албан хаагч 3759 болж өмнөх оноос 406-гаар буурсан аж.
Гэхдээ улс төрийн албан хаагчдын тоо 2016 онд 3032, 2017 онд 3430, 2018 онд 3403, 2019 онд 3585, 2020 онд 3619 байжээ. Өөрөөр хэлбэл, 2016 онтой харьцуулбал улс төрийн албан хаагчдын тоо даруй 727-гоор нэмэгдсэн гэсэн үг. Арван жилийн өмнө энэ тоо 3000 ч хүрэхгүй байв. Мөн захиргааны албан хаагчдын тоо сүүлийн арван жилд 4035-аар өсөж, 22 мянгад хүрснийг дээрх тайлангаас харж болно. Үүнээс 3063 нь 2016 оноос хойш буюу өнөөгийн эрх баригчдын үед нэмэгджээ.
Үүнийг хүлээн зөвшөөрч, төрийн албыг цомхон болгох ажлыг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлж, албан хаагчдыг нийт ажиллах хүчинд эзлэх хувийг 15-д хүргэхээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан саяхан мэдэгдсэн. Учир нь олон улсад баримталдаг зарчмаар улс орны нийт ажиллах хүчинд төрийн албан хаагчдын эзлэх хувь 15-аас хэтэрвэл хэвийн бус гэж үздэг. Энэ нь төрийн албан хаагчдыг 26.5 мянгаар цөөлж, 199 мянгаас хэтрүүлэхгүй гэсэн “амлалт” бөгөөд 2019 оны түвшинд аваачна гэсэн үг. Дөрвөн жилийн өмнө төрийн албан хаагчдын тоо 198.4 мянга байсан юм. Үнэндээ сүүлийн хоёр сонгуулиар дараалан ялалт байгуулж, найман жилийн турш тасралтгүй эрх барих бүрэн эрхээ бараг дуусгаж, “бариа”-нд орохын өмнөхөн Засгийн газар болон намынхаа “гал тогоо”-г барьж буй гол хүн нь ийн мэдэгдсэнийг гайхаад баршгүй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд хийгээгүй ажил, биелүүлээгүй амлалтаа ирэх жилээс, дараагийн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хийж, хүрнэ хэмээж буй нь сонгуулийн амлалтаас өөрцгүй санагдана. Мөн уржигдар уг тайланг Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгч, танилцуулах үеэр спикер төрийн албан хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж, цомхон, чадварлаг болгон, бүтээмжийг нь өсгөх, үр дүнг нь сайжруулах цогц шинэчлэл хийх ёстойг сануулсан байна лээ. Ингэхдээ тэрбээр төрийн албаны цогц шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн шаталсан судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийлгэж, бодлогын зөвлөмж гаргаж ажиллахыг чиглэл болгосон юм.
Гэнэт сэрсэн, ухаарсан аятай энэ мэт үгээрээ эрх баригчид өнгөрсөн хугацаанд төрийг данхайлгаснаа хүлээн зөвшөөрөхийн сацуу сонгуулийн удаа дараагийн амлалтаа биелүүлээгүйгээ зарлалаа. Ардын намынханд өөрсдөд нь сануулахад, төрийн байгууллагуудын ажил, үүргийн давхардлыг арилгах, нэгтгэх замаар яам, агентлаг, төсвийн байгууллагуудын тоог цөөлөхөө амлаж байснаа эрхбиш мартаагүй байлтай. Мөн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх талаар ч зөндөө ярьсан. Түүнчлэн төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх замаар иргэдэд шуурхай, хүртээмжтэй болгож, ард түмэндээ ойртуулахаа онцолж байв. 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс ньсийрүүлэхэд ийм аж. Тэгвэл 2020 оны мөрийн хөтөлбөрт нь “Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, иргэдийн оролцоотой хүргэх “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгож, чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна” хэмээх амлалт нь дурайж байна. Мөрийн хөтөлбөрийнх нь 3.1.16-д “Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно” хэмээх заалт ч бий. Цаашлаад хүнд суртлыг халах зорилгоор төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, албан хаагчдыг нь чадавхжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ гэх мэт өнөөдөр ч мөрөөдөл мэт санагдах олон амлалт байх авч аанай л хэвээрээ. Цахим хөгжлийн асуудал эрхэлсэн сайдтай, бүр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар ажиллуулж, албан хаагчдынх нь тоо өссөн атлаа манай төр цомхон бөгөөд чадварлаг болж, иргэндээ ойртсонгүй.
Уг нь Төрийн албаны тухай хуулийг Ардын намынхан 2016 онд олонх болсны дараа УИХ шинэчлэн баталж, 2019 оноос хэрэгжүүлж буй. Суурь хуулийг нь боловсруулахаас авхуулаад баталж, хэрэгжүүлэх бэлтгэлийг нь хангаж, мөрдүүлэх үүргийг өнөөдрийг хүртэл хэнтэй ч хуваалцахгүй үүрч байгаа Ардын намынхан одоо цогц шинэчлэлийн талаар ярьж, төрийн албыг цомхон болгоно гэж буйг юу ч гэхвэдээ.