УИХ-ын гишүүн Н.Энхболд ахлагчтай ажлын хэсгийнхэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад буй. Үүнд Засгийн газрын зүгээс нэр дэвшигчдийн дотор аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байх санал өгсөн юм. Манай парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл чамлалттай учраас тэдний оролцоог дэмжихэд чиглэсэн квот гэж хэлж болно. Гэхдээ ажлын хэсгийн эл саналыг хэрхэн хүлээн авч, төсөлдөө тусгах, УИХ-аар хэлэлцүүлэх явцад олонхын дэмжлэг хүлээх, цаашлаад баталлаа ч хэрэгжүүлэх, эсэх нь эргэлзээтэй тул баярлахад эртэднэ. Учир нь 2005, 2015 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэхдээ дээрх квотыг 30 хувьд хүргэн баталсан ч хэрэгжүүлээгүй.
Сонгууль бүрийн өмнө хуулийг нь өөрчилдөг “уламжлал”-ыг баримтлахдаа өнөөх 30 хувийн квотыг “авч хаяж”, багасгасан түүхтэй. Үндсэндээ 2012, 2016, 2020 онд буюу сүүлийн гурван сонгуулиар 20 хувийн босго үйлчилсэн юм. Энэ нь улс төрийн намууд хамгийн багадаа 16 эмэгтэйг нэр дэвшүүлнэ гэсэн босго хэдий ч тэд үүнийг тааз гэж ойлгож, хэрэгжүүлж ирсэн нь илт харагдана. Өнгөрсөн сонгуулиар гэхэд МАН 16, АН 17 эмэгтэйг л нэр дэвшүүлсэн юм. Хэдийгээр 30 хувийн квотыг баталж, мөрдсөний дараа л баярламаар байгаа ч ийн өсгөчихвөл намууд багадаа 23 эмэгтэйг нэр дэвшүүлэх үүрэг хүлээх нь. Өөрөөр хэлбэл, 76 суудал болгонд хүнээ өрсөлдүүллээ гэж тооцоход одоогийнхоос эмэгтэй нэр дэвшигчдийн тоо хамгийн багадаа долоогоор нэмэгдэнэ гэсэн үг.
Уг нь манайд ч Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлын хүрээнд энэ талаар хөндөж, төсөлд тусгасан. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх тохиолдолд зорилтот санхүүжилт олгохоор тусгаж байгаа аж. Ингэхдээ намуудад нэлээд хэдэн үүрэг хүлээлгэнэ хэмээж буй
Гэхдээ ирэх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар төлөвлөж буй. Ингэхдээ 50:50 хувийн харьцаатай буюу 38 гишүүнийг өмнөх шиг тойргуудаас (мажоритар), бусад 38-ыг нь намын жагсаалтаар (пропорциональ) сонгохоор төсөлд тусгасан аж. Үүнийг Засгийн газраас дэмжиж, жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах санал дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломж бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь ажлын хэсгийнхэн жагсаалт дахь гурван нэр дэвшигч тутмын нэг нь эмэгтэй байхаар төсөлдөө тусгасныг хүйсийн харьцааг 1:1 болгох санал дэвшүүлж буй хэрэг. Үүнийг олон улсад “цахилгаан товчны зарчим” баримтлах гэдэг. Ийм тохиолдолд жагсаалтаар 19 эмэгтэй нэр дэвших боломж бүрдэнэ гэсэн үг.
Манай улс 2012 онд цор ганц удаа холимог буюу 48 (мажоритар): 28 (пропорциональ) хувилбараар сонгууль зохион байгуулсан түүхтэй. Тухайн үед АН, МАН хоёр л жагсаалтаар нэр дэвшүүлж болох 28 хүнээ сойж байв. Гэхдээ МАН тус жагсаалтад 10 эмэгтэйг л оруулсан байдаг. Улмаар есөн эрэгтэй нэр дэвшигчийн ард буюу аравдугаарт эхний эмэгтэйн нэрийг (Д.Сарангэрэл) “зоосон” байх жишээтэй. АН-ынхан долдугаарт Р.Бурмааг эрэмбэлсэн нь Ардын намынхнаас ахицтай мэт харагдавч тэд тус жагсаалтад ердөө найман эмэгтэйг л багтаажээ. Хэдийгээр жагсаалтаар нэр дэвшүүлсэн 190 хүний 90 нь буюу 46.6 хувь нь эмэгтэйчүүд байсан ч 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон 11 эмэгтэйн дөрөв нь пропорциональ хувилбараар гарч иржээ. Тодруулбал, АН-аас Р.Бурмаа, М.Батчимэг (жагсаалтын 10-т байсан), ИЗНН-аас С.Оюун (жагсаалтын эхэнд бичигдсэн), МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс З.Баянсэлэнгэ (жагсаалтын дөрөвдүгээрт байсан) нар юм. Харин дараа нь МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-ын гишүүн болсон У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзсанаар Д.Сарангэрэл түүний оронд парламентад орж ирсэн билээ. Жагсаалт дахь эмэгтэй нэр дэвшигчдийн хувийг тойрогт өрсөлдөгчдийнхтэй харьцуулбал хоёр дахин өндөр атлаа дөнгөж дөрвөн бүсгүй сонгогдсон нь чамлалттай. Энэ нь намууд тэднийг жагсаалтын сүүл рүү “шидэж”, эмэгтэйчүүдийн квотыг хангаж, тоо бөглөх төдий хэрэгсэл гэж үзсэнтэй нь шууд холбоотой. Иймд Засгийн газраас санал болгож буй, нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 1:1 болгон жагсаах хувилбарыг хуульчлах нь эмэгтэйчүүдийг дэмжих бодитой хөшүүрэг юм.
“Цахилгаан товчны зарчим” баримтлахаас гадна жагсаалтын 1-3 дугаарт нэг, 4-7 дугаарт гурван эмэгтэй нэр дэвшигч багтаах гэх мэтээр жендерийн тэгш байдлыг хангах олон арга хэрэгслийг улс орнууд ашиглаж байна. 2021 оны зургадугаар сарын байдлаар дэлхийн 194 орноос 29 нь сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж буй талаар “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгааны тайланд дурджээ. Тэдгээр улсад парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны дундаж үзүүлэлт 26.1 хувьтай байгаа бол манайд 17.1 байна. Энэ нь манай хууль тогтоох байгууллагын хувьд одоогоор хамгийн өндөр үзүүлэлт юм.
Мэдээж 30 хувийн квотоо хамтад нь баталчихвал эмэгтэйчүүдэд бүр ч том дэмжлэг болно. Дээрх тайланд дурдсанаар квотыг 59 орон хуульчилсан бөгөөд тэдгээр улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх дундаж үзүүлэлт 28.1 хувьд хүрсэн байна. Гэхдээ эдгээрээс манайх болон Өмнөд Судан, Армени, Парагвайд квотын хэмжээ 20-25, Соломоны арлууд улсад 10 хувь байгаа бол бусад 54 оронд 30-50 хувьтай байгааг дурджээ. Тухайлбал, сонгуулийн квотыг Үндсэн хуульдаа заасан 13 улсын нэг нь Никарагуа бөгөөд намууд пропорциональ зарчмын дагуу сонгогдох нэр дэвшигчдийн жагсаалтыг 50:50 хувийн харьцаатай, хүйсээр нь сөөлжүүлэн байршуулахаар тусгасан байдаг аж.
Сонгуулийн болон улс төрийн намын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн баримт бичигтээ жендерийн тэгш байдлыг хангах энэ мэт зохицуулалт хийснээр нааштай үр дүнд хүрч буй орон цөөнгүй бий. Жишээ нь, Индонез улсын Төлөөлөгчдийн танхим (парламентын дээд танхим)-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2007 онд 11.6 хувьтай байсан бол өдгөө 21 болжээ. Ингэхдээ намын жагсаалтад эмэгтэйчүүдийн төлөөллийг 30-аас доошгүй хувьтай байхаар зааж, нэр дэвшигчдийг байршуулахдаа цахилгаан товчны зарчим баримталсан байна. Мөн Мексик улс сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаас үл хамааран нэр дэвшигчдийн дунд эзлэх аль нэг хүйсийн төлөөлөл 40-өөс доошгүй хувь байхаар хуульчилж, улс төрийн болон сонгуулийн санхүүжилттэй нь холбосноороо парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь эрс нэмэгдэж, 2000 онд 16 хувьтай байсан үзүүлэлт өдгөө 50-д хүрчээ. Өөрөөр хэлбэл, намууд жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд бодитой, үр дүнтэй алхам хийснээрээ төрөөс санхүүгийн урамшуулал, дэмжлэг авах зэрэг зохицуулалтыг холбогдох хуулиуддаа оруулсан байна.
Уг нь манайд ч Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлын хүрээнд энэ талаар хөндөж, төсөлд тусгасан. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх тохиолдолд зорилтот санхүүжилт олгохоор тусгаж байгаа аж. Ингэхдээ намуудад нэлээд хэдэн үүрэг хүлээлгэнэ хэмээж буй. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн болон парламентад тухайн намаас сонгогдсон эмэгтэй улстөрчдийн тоонд дүйцүүлэн төрийн санхүүжилтийг нэмж олгохоор тооцож байгаа юм билээ.
Ямартай ч манай намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ цагийг нь тулгаж, хуульд заасан квотод хүргэхийн тулд өрсөлдүүлж ирсэн гэхэд болно. Үндсэндээ “нөхөөс” болгон, өрсөлдөөн ихтэй, хатуу тойрогт эмэгтэйчүүдийг илгээдэг жишиг тогтчихсон. Ийм нөхцөлд квотыг хэрэгжүүлж, жагсаалт дахь нэр дэвшигчийн дарааллыг гаргахдаа хүйсийг нь харгалзах гэх мэт тодорхой арга хэрэгсэл, хөшүүрэг хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, зүгээр л 30, бүр 50 хувийн квот тавиад ч төдийлөн үр дүнд хүрэхгүй гэсэн үг.