Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн болон Эрчим хүчний сайд нарт даалгалаа. Эл төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд тусгасан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор нөлөөлөлд өртөж буй, шилжин суурьших айл өрхийн эд хөрөнгийн, иргэн бүрт олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болжээ. Төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.
...Эргэн сануулахад, 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд барихаар төлөвлөж буй агаад санхүүжилтийнх нь 95 хувийг БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авч, үлдэх хувийг нь төсвөөс гаргана хэмээн ЭХЯ-наас өмнө нь мэдээлж байв...
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний тогтоолыг Засгийн газраас баталлаа. Эл тогтоолоор дөрвөн асуудлыг шийдвэрлэсэн. Эхнийх нь техник хяналтын зардлын тав орчим сая долларын зардлыг 2024-2027 оны улсын төсөвт суулгахаар боллоо. Хоёрдугаарт, эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр болох дөрөв орчим тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. Гуравдугаарт, 1241 иргэнд нэг удаагийн нөхөн төлбөр олгоно. Тэдэнд 13.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилтийг 2024 онд багтаан олгож дуусгах шийдвэр гаргалаа. Дөрөвдүгээрт, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн нөлөөлөлд автах соёлын өвүүд бий. Тэдгээрийг авран хамгаалах ажиллагаанд зургаа орчим тэрбум төгрөг шаардлагатайг 2024 оны төсөвт тусгахаар шийдвэрлэсэн” гэв. Түүнчлэн тэрбээр “БНХАУ-ын “Эксим” банкнаас гуравдугаар сарын 31-нд Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар мэдээлэл хүргэнэ. 250 сая ам.доллароос дээш дүнтэй, гадаадын оронд оруулж буй хөрөнгө оруулалтыг тус улсын Төрийн зөвлөл нь баталдаг зохицуулалттай. Уг зээлийг олгохыг дэмжсэний дараа энэ оны хоёрдугаар улиралд багтаан хэлэлцээр хийхээр төлөвлөж байна” хэмээн тэмдэглэлээ.
Эгийн голын УЦС болон Тавантолгойн цахилгаан станцын талаарх асуултад хариулахдаа салбарын сайд “Эгийн голын УЦС-ын асуудлаар ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Үүний дагуу ЭХЯ-ны захиалгаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхээр гадаадын компани хөлсөлж, судалгаа хийлгэсэн бөгөөд үр дүн нь гарсан. Судалгааны дүнг ЮНЕСКО-д хүргүүлнэ. ОХУ-ын талд урьдчилан хүргүүлсэн. Эл асуудал шийдэгдсэний дараа Эгийн голын УЦС-ын ажлыг эрчимжүүлэх талаар хөөцөлдөж эхэлнэ. Тавантолгойн цахилгаан станцын хувьд Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд тендер зарлах эрх зүйн орчныг бий болгох тогтоолын төсөл оруулахад сайд нарын зүгээс санал гаргасан. Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар байр сууриа эцэслэн нэгтгэх болов уу. Үүний дараа тендер зарлана” гэлээ.
Эргэн сануулахад, 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд барихаар төлөвлөж буй агаад санхүүжилтийнх нь 95 хувийг БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авч, үлдэх хувийг нь төсвөөс гаргана хэмээн ЭХЯ-наас өмнө нь мэдээлж байв. Энэхүү станцыг барьснаар баруун таван аймгийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, импортын төлбөрийг хэмнэнэ хэмээн тооцож буй. Тэгвэл Эгийн голын УЦС барихыг хойд хөрш эсэргүүцэж ЮНЕСКО-д гомдол мэдүүлсэн билээ. Улмаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 42 дугаар чуулганаас Монгол, ОХУ-д даалгавар өгсөн юм. Тухайлбал, Эгийн голын УЦС баривал биологийн олон зүйлд ямар нөлөө үзүүлэхийг судлахыг манайд даалгасныг дээр дурдсанчлан хийж дуусгажээ. Өмнөговь аймагт барихаар төлөвлөж байгаа, 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 10 гаруй жилийн өмнө эхлүүлэхээр төлөвлөсөн гэж салбарын яамнаас урьд нь мэдээлж байсан. Гэвч өдгөө гүйцэтгэгчийг нь шалгаруулах тендерийг ч зарлаагүй байгаа юм.