Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг JENESYS (Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) хөтөлбөрийн хүрээнд Камакүра хотод амьдардаг, гурван хүүхдийн ээж, аав болох 38 настай Тэцүяа Нэмото болон Аяако Нэмотогийн гэрээр зочилж, тэдний амьдралын хэв маягтай танилцах боломж олдсон юм. Тэднийх хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд хэрхэн анхаарч, цаг заваа зарцуулж байгааг харах бахдам байлаа. Тухайлбал, тэд олон орны хүмүүсийн соёлыг хүүхдүүддээ танилцуулж, харилцааны ур чадварт сургах зорилгоор жил бүр гэртээ жуулчид хүлээн авдаг байна. Өдгөө тэдний хүлээж авсан дотоодын болон гадаадын жуулчдын тоо 100 давжээ. Хүүхдүүддээ дурсгал болгон үлдээхийн тулд залуу хос тусгайлан тэмдэглэлийн дэвтэр нээгээд, зочин бүрийн сэтгэгдлийг бичүүлсэн байв. Ийм болоод ч тэр үү, тэдний том хүү Юү (12 настай), дунд хүү Шүн (10 настай) болон бага охин Рино (дөрвөн настай) нар анх танилцахдаа ч бидэнтэй чөлөөтэй, нээлттэй харилцаж байсан юм.
Тэд мөн хүүхдүүдийнхээ амьдрах орчныг эрүүл, тав тухтай байлгахын тулд олон жилийн өмнөөс орчин үеийн шийдэл бүхий байшингийнхаа загварыг гарган, бариулж, өнгөрсөн жил нүүж орсон байна. Гэр бүлийн гишүүн бүр дугуйтай. Тэд чөлөөт цагаараа хамтдаа дугуйн аялал хийх дуртай гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн хүүхдүүдийнхээ сурч боловсрох, хөгжих бүхий л бололцоог хангахын тулд гэрийнхээ цэлгэр том зай, талбайг тоглоом, ном, төгөлдөр хуур зэргээр дүүргэжээ. Хүүхдүүд нь ухаалаг гар утас хэрэглэдэггүй учраас гэртээ байх хугацаандаа хичээлээ давтахаас гадна ном уншиж, эсвэл тоглоом тоглож өнгөрүүлдэг болохыг гэрийн эзэгтэй Аяако хэлэв. Тэрбээр ийнхүү өөрийн амьдралын нэгээхэн хэсгээс бидэнтэй хуваалцаж, ярилцсан юм.
-Танай гэр бүл өглөө, өдөр, орой нэг ширээний ард хамтдаа хооллодог нь эерэг, дулаан уур амьсгал, харилцааг бий болгож байгаа мэт санагдлаа. Энэ нь танайд тогтсон уламжлал уу, эсвэл Японы гэр бүлүүдэд байдаг хэвийн зүйл үү?
-Миний мэдэх, эргэн тойрны хүмүүсийн дийлэнх нь гэр бүлээрээ хооллодог “заншилтай”. Энэ нь нэгэнтэйгээ илүү ойр харилцах боломж олгодог. Хүүхдүүддээ тэжээллэг, тэнцвэртэй хоол өгч, тэдэнтэйгээ халуун, дотно яриа өрнүүлдэг учраас энэ үеүд надад таатай санагддаг. Одоогоор бага насны хүүхдүүдтэй учраас гэр бүлдээ их цаг зарцуулж байгаа. Гэвч тэд том болох тусам ингэж хамт хооллох цаг хугацаа багасна гэж би бодож байна.
-Биднийг амттай харүмаки (гахайн мах, мөөг, луувантай шаржигнуур ороомог)-гаар дайлсанд баярлалаа. Танай гэр бүл ихэвчлэн ямар хоол хийж, иддэг вэ?
-Бид өглөөний цайгаа долоон цагт, оройн хоолоо 06.30-д иддэг. Манай гэр бүлийн өдөр тутамдаа иддэг хоолны нэг нь мисо шөл. Хүүхдүүддээ хангалттай шим тэжээл өгөхийн тулд мисо шөлөө ногоогоор баяжуулдаг. Мөн ихэвчлэн никүжага (төмс, гахайн махтай шөл), шарсан тахиа болон харүмаки хийж идэх дуртай. Түүнчлэн бусад орны хоол болох карри, пицца, паста, мапо дүпү, банш хийдэг.
-Амралтын өдөр, эсвэл чөлөөт цагаараа танай гэр бүл ихэвчлэн юу хийдэг вэ?
-Амралтын өдрүүдээр бид кино үзэж, дэлгүүр хэсэж, такояки (хайрсан наймаалжин бөмбөлөг) хийж, шавраар тоглодог. Чөлөөт цагаараа том хүү Юү маань найзуудтайгаа цэцэрлэгт хүрээлэн, эсвэл далайн эрэг рүү дугуйгаар их аялдаг.
-Хүүхдүүд тань дэлгэцээс хол, оюун ухааны тоглоом тоглож, ном унших байдлаар чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлдэг юм байна. Ер нь хэрхэн, ямар арга барилаар тэднийг хүмүүжүүлдэг вэ?
-“Баярлалаа”, “уучлаарай” гэх харилцааны энгийн хэрнээ чухал үгсийг тэдэнд байнга хэлүүлж, хэвшүүлэх гэж хичээдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь тэднийг бусдад хүндэтгэлтэй хандах, ямар ч хүнтэй сайн харилцаа тогтоож сурах суурь болж чадна. Үүнийг тэдний зайлшгүй сурах ёстой чадвар гэж боддог.
Хүүхдүүд маань нэг хоногийн хугацаанд та бүхэнтэй цуг тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүллээ. Тэднийг хүмүүстэй нээлттэй харилцаж байгааг харах сайхан байдаг тул нөхөр бид хоёр аль болох олон жуулчин гэртээ хүлээж авахыг хичээдэг. Одоогоор манайд 100 гаруй хүн зочлоод байна. Хүүхдүүд маань олон орны, янз бүрийн зан чанартай хүмүүстэй “найзууд” болж, их зүйл суралцаж байгаа нь хамгийн сайхан. Гэрт минь зочилсон хүн бүр нөхөр бид хоёрын хүүхдүүддээ өгч, мэдрүүлж чадахгүй нандин дурсамжийг үлдээсэн байдаг. Тиймээс бидний зүгээс хүүхдүүддээ олгож буй хүмүүжлийн хамгийн чухал үнэ цэнийг үүгээр өгч байна гэж боддог. Японд хүүхэд бүр дэлгэцээс хол байдаг гэвэл үгүй. Бага сургуулийн сурагч ч ухаалаг гар утастай байх тохиолдол бий. Дэлгэцээс хамааралтай хүүхдүүд ч цөөнгүй. Том хүү маань гар утастай болохыг хүсэж буй ч цаг нь арай болоогүй гэж бид бодож байгаа. Тиймээс чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь маш их анхаардаг.
-Тэд мөн ном уншсаныхаа дараа унтдаг дадалтай юм байна. Та хоёр хүүхдүүдийнхээ боловсролд бас их анхаардаг санагдлаа.
-Юү болон Шүн нар орой бүр хүссэн номоо уншдаг. Энэ нь бүр дадал болчихсон. Тэд манга унших дуртай. Харин Рино маань одоо дөрвөн настай, уншиж сураагүй учраас бид хоёр аль чадахаараа орой бүр ном уншиж өгөхийг хичээдэг. Түүний зарим нь унших шаардлагагүй, зурагтай байдаг тул өөрөө хүссэн үедээ номоо эргүүлээд үздэг.
-Танай дунд хүү чинь төгөлдөр хуур сайн тоглодог юм байна. Ер нь хүүхдүүдээ хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хэрхэн хамруулдаг вэ. Монголд зарим эцэг, эх хүүхдээ спортын, эсвэл урлагийн авьяасыг нь хөгжүүлэх гээд шахаад байдаг хандлагатай.
-Манайх өмнө нь далайтай ойрхон Якосүкад амьдардаг байсан. Тэнд хүүхдүүд маань каноэ завиар хичээллэдэг байлаа. Тэднийг цэцэрлэг болон бага сургуульд байхад энэ спортын талаар танилцуулга хийж байв. Үүний дараа тэд хичээллэхийг хүссэн тул бид дуртай дэмжсэн. Шүн мөн анимэний ая төгөлдөр хуур хөгжмөөр тоглож сурч байгаа.
-Гэрийн ажлаа та хоёр хэрхэн хуваарилж хийдэг вэ. Гэр бүлдээ ижил үүрэг хариуцлага хүлээдэг үү?
-Би гэрийнхээ ихэнх ажлыг хийдэг. Нөхөр минь амрах үедээ миний ажилд их тусалдаг. Миний эргэн тойронд гэрийн ажлаа хуваагаад, хамтдаа хийдэг олон гэр бүл бий. Эцэг хүн л гүйцэтгэх ёстой үүрэг, эх хүн л үүнийг үүрэх хэрэгтэй гэсэн тогтсон зүйл байдаг гэж би итгэдэг. Эцэг, эхийн хамгийн чухал үүрэг бол хүүхдийнхээ аюулгүй орчныг бий болгох явдал гэж бодож байна.
Нөхөр маань бага ангийн багш. Би өмнө нь мөн бага ангийн багшаар ажиллаж байсан ч анхны хүүхдээ төрүүлсний дараа ажлаасаа гарсан. Миний хувьд хүүхдээ сайн асарч, хүмүүжүүлэх нь чухал байсан учраас энэ шийдвэрээ гаргасан. Энд ажил, амьдралаа зохицуулаад явж буй олон эмэгтэй багш бий. Багшийн ажлыг минь хэн нэгэн орлоод хийж болно. Харин ээж хүний үүргийг надаас өөр хэн ч орлож чадахгүй гэж бодсон юм. Одоогоор хүүхдүүд маань том болж байгаа тул би хэвлэлийн газарт цагийн ажил хийж байгаа.
-Японы залуу гэр бүлүүд уламжлал, соёлоо хэр хадгалдаг гэж та бодож байна вэ?
-Манай гэр бүл аль болох уламжлал, ёс заншлаа дагахыг эрмэлздэг. Тухайлбал, уламжлалт баяр ёслолоор кимоногоо өмсөж, мочи (будааны бялуу) зэргийг өөрсдөө хийж иддэг. Мөн хүүхдүүдээ уламжлалт баярын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулан, улсынхаа соёл, зан заншлыг таниулах гэж хичээдэг.
-Та хоёр яагаад Камакүра хотод амьдрахаар шийдсэн бэ. Цаашдаа эндээ амьдарна гэж бодож, төлөвлөж байгаа юу?
-Хүүхэд өсөж, торниход ээлтэй хот гэдгийг Камакүрад ирээд мэдэрсэн учраас бид эндээ л амьдрах бодолтой байна. Энд хүүхдийнхээ боловсрол, хөгжилд анхаардаг гэр бүл олон байгаа юм шиг санагддаг. Камакүра нь сонирхол татахуйц, эртний олон сайхан зүйл хадгалагдан үлдсэн газар юм. Мөн далай, уулсаар хүрээлүүлсэн, үзэсгэлэнтэй байгальтай.
-Монголын талаар та хэр их мэдэх вэ?
-Монголыг өргөн уудам тал газар л гэж анх төсөөлдөг байлаа. Та бүхний үзүүлсэн зураг, бичлэг, ярьсан зүйлсийн ачаар тал нутгаас гадна байгалийн олон сайхан тогтоц, хот суурин газартай гэдгийг мэдэж авсандаа баяртай байна. Хэзээ нэгэн цагт танай оронд очиж, морь унахыг хүсэж байна.
Бэлтгэсэн: Л.Мишээл