“Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, судлаач М.Энхбадралтай ярилцлаа. Тус байгууллага нь төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус “United Info Hub” буюу UIH.mn талбарыг 2020 оноос хөгжүүлж байгаа юм.
-Та төрийн ил тод байдлын чиглэлээр сүүлийн үед дагнан ажиллаж байгаа учир энэ сэдвээр ярилцахаар зорьж ирлээ. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хамгийн энгийнээр хэрхэн ойлгох вэ?
-Манайд улстөрчидтэй хариуцлага тооцох тухай ярихаар зөвхөн сонгуулиар хариуцлага тооцох талаар ойлгодог. Гэтэл иргэд сонгуулиар саналаа өгч, сонгогдсон төлөөлөлдөө өөрийнхөө эрхийг шилжүүлж байгаа юм. Тийм учраас өдөр тутам, цаг тутамд тэр сонгосон хүнээ хянах, хариуцлага тооцох боломжтой гэсэн үг. Ингэж байж бидний сонгосон ардчилсан систем ажиллах боломжтой.
Үүнээс гадна засаглалыг хянах хамгийн чухал, тулгуур шаардлага нь ил тод байдал. Ил тод байдал хангалтгүй тохиолдолд иргэд хэчнээн хянах гэж оролдсон ч үр дүнд хүрэхгүй. Мэдээлэл авах сувгууд нь хязгаарлагдмал учраас тэр. Жишээ нь, ЖДҮХС-гаас хэн зээл авсан талаарх мэдээлэл хэзээ ил болсон бэ. Тус сангаас зээл авсан иргэдийн нэрсийг ил болгосон цагт л энэ хэрэг нийтэд дэлгэгдсэн. Хэрэв анхнаасаа ил байсан бол тэгж хулгай хийх боломж гарахгүй. Нөгөө талаас хулгай хийх зорилгоор тэр мэдээллийг нууц байлгадаг гэж хардаж болохоор. Ер нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүн олны нүдэн дээр хамаг зүйлээ дэлгэхгүй. Цөөн гэрчтэйгээр, ямар нэгэн дарамт шахалтын аргаар хулгай хийгээд байх шиг. Эсвэл мөнгөөр ч юм уу. Тиймээс ингэж хулгай хийж чадахааргүй хэмжээнд буюу олон гэрчтэй, иргэдийн хяналттай байх ёстой.
Таксины жолооч 1000 төгрөг илүү нэхэхэд л бид маш их бухимддаг. Яагаад гэвэл тэр мөнгө бидний халааснаас шууд гардаг. Гэтэл улсын төсвийн хэдэн их наяд төгрөгийн хулгайн асуудал яригдаж байхад иргэд яагаад тоохгүй байна вэ. Бидний бодит боломжоос алдагдаж буй мөнгө гэдгийг ерөөсөө анзаарахгүй байна. Парламентын ил тод байдлыг хангах чиглэлээр сүүлийн гурван жилд ажиллалаа. Жишээлбэл, хуулийг эцэслэн батлахад гишүүдийн хэн нь дэмжиж, татгалзсан талаарх мэдээллийг ил болгохыг УИХ- ын Тамгын газраас хүссэн. Дөрвөн удаа хүсэлт, хоёр удаа гомдол хүргүүллээ. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл энэ мэдээлэл ил тод болоогүй хэвээр. Бид өөрсдийнхөө сонгосон төлөөлөгчийг хууль батлахад ямар санал өгсөн бэ гэдгийг мэдэх эрхтэй. Энэ эрх өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиудаар баталгаажсан. Гэтэл хуулийг биелүүлэхгүй байна.
-Ил тод байдал нь авлигыг бууруулахтай шууд уялдаатай. Гэтэл төрийн ил тод байдлыг бий болгоход манай иргэдийн оролцоо маш дутмаг. Энэ оролцоог хэрхэн нэмэгдүүлэх ёстой бол?
-Ил тод байснаар хяналт нэмэгдэж, засаглал сайжрахаас гадна авлигыг бууруулах боломж бүрдэнэ. Төсвийн үр ашиггүй зарцуулалтыг багасгах боломжтой. Үүний үр дүнд бүх хүн хожно. Бид асуудлаа ч, асуудлынхаа шийдлийг ч буруу газраас эрээд байна. Жишээлбэл, авлигын төсөөллийн индексээр манай улс муу үзүүлэлттэй байгааг АТГ, эсвэл зөвхөн УИХ- ын гишүүдээс боллоо гэх хандлага түгээмэл. Гэтэл энэ нь бүх нийтийн асуудал. Шийдлийг олон талаас нь харах хэрэгтэй. Авлигын хэргүүд АТГ-аас гадна прокурор, шүүхийн шатанд хэрхэн шийдэгдэж байгааг анхаарах ёстой. АТГ- ын удирдлагыг хараат бусаар томилдог уу, бие даан ажиллах нөхцөл нь хангагдсан уу. Хамгийн чухал нь нийгэм, соёлын хүчин зүйлийн хувьд бид авлигыг бууруулъя гэсэн үзэл хандлагатай хүмүүс яг мөн үү. Ёс суртахууны хувьд боломж олдвол өөрсдөө хулгай хийхэд бэлэн үү гэх мэтчилэн олон талаас нь авч үзэх хэрэгтэй.
Бид “нүдээ аних” бүртээ хулгай хийх боломж эрх мэдэлтнүүдэд олгож байдаг. Хаана хаалттай нууц байна, түүний цаана асуудал заавал оршдог. Иргэд тасралтгүй хянаж байх үүрэгтэй. Ингэхгүйгээр засаглал өөрөө аяндаа сайжирна гэдэгт, хүний сайн сайхан зан чанарт найдах хэрэггүй. Тиймээс тасралтгүй үргэлжлэх хяналт, хариуцлагын тогтолцоогоор л ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой.
-Яг юунаас эхлэх вэ. Иргэдийн мэдлэг дутах явдал ч бий шүү дээ.
-Ил тод байдлыг бүх түвшинд хангахыг шаардах ёстой. Ил тод байдалд суурилж иргэд өөрсдөө хяналтаа тавьдаг хувилбар луу орж чадвал нэг удаагийн хулгай биш, дараа дараагийн олон асуудлаас сэргийлэх боломжтой. Үүнийг дагаад авлига ч буурна, засаглал ч сайжирна. Эрх мэдэлтнүүд үүнээс ямагт айдаг учраас хаалттайгаар, иргэдийг оролцуулахгүйгээр, хэлэлцүүлэхгүйгээр, нууцаар, эсвэл ямар нэгэн баяр ёслол, олны анхаарал татсан мэдээллийг далимдуулж өөрсдөдөө ашигтай, үгүй бол буруу шийдвэрүүд гаргадаг. Иргэд эрх чөлөөгөө хамгаалъя гэвэл өөрсдийнхөө оролцоо, хяналтад л тулгуурлах ёстой. Оролцоотой байгаа хүмүүсээ янз бүрээр цоллож, нэр шошго зүүж, нийгмээс гадуурхдагаа болих хэрэгтэй. Нийтээрээ живж байгаа атлаа “Бид живж байна” гэж хэлсэн нэгнээ шоолдог байж таарахгүй.
Манай “Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс 2019 онд хийсэн судалгааны үр дүнд гарсан нэгэн онцлох дүгнэлтийг эш татъя. Манай улсад авлигыг илчилсэн хүмүүс эргээд ялгаварлалд өртдөг. Энэ байдлыг гарцаагүй өөрчлөх ёстой. Хэрвээ та сайн сайхан нийгэмд амьдрахыг хүсдэг бол үүнийхээ төлөө зарга хийдэг иргэн байх хэрэгтэй. Зарга хийж чаддаг, эрх зүйн боловсролтой, мэдлэг чадвартай, иргэний, төрийн байгууллагуудын эрх, үүргийг мэддэг иргэн үгүйлэгдэж байна. Товчхондоо, иргэний боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Иргэний эрхээ мэддэг, түүнийгээ үр дүнтэй ашиглаж чаддаг байхыг л иргэний боловсрол гэж хэлнэ.
-Иргэдийн хувьд бас нэг хийх ёстой зүйл нь “шүгэл үлээх”. Засгийн газар “Шүгэл” ажиллагааг эхлүүлснээ зарлалаа. Таны хэлээд байгаа илчлэх, зарга хийх гэдэгтэй ижил утгатай гэж санагдлаа. Гэхдээ манай хэвшмэл ойлголтоор “шүгэл үлээх” нь хэр амжилттай байх бол?
-Авлига өгсөн, авсан тал хоёулаа хариуцлага хүлээдэг бол сайн өөрчлөлт гарахад хэцүү. Авлигыг илчилж байгаа хүн бол “шүгэл үлээгч”. “Шүгэл үлээгч” нь заавал гэмгүй хүн байх албатай биш. Тэр процесст оролцсон хүн ч байж болно. Гэхдээ үүнийг илчилж байгаад нь бид талархан хүлээж авах ёстой. Адилхан хулгай хийсэн байж нэгнийгээ илчиллээ гэсэн буруу хандлага тогтсон нь авлигын тулах цэг болж буй юм. Тэгэхээр авлигыг бууруулъя гэж зорьж байгаа бол авлигыг илчилсэн хүмүүсийг матаач, заргач, урвагч гэсэн өнцгөөр харахаа болих хэрэгтэй. Үгүй бол манай засаглал яагаад ч сайжрахгүй. Бид өөрсдөө зөв зүйлийг зөв, буруу зүйлийг буруу гэж бодитоор үнэлдэг байх хэрэгтэй.
Нөгөөтээгүүр, заавал том хэрэг хийсэн хүнийг илчлэхээс гадна жижиг зүйлээр ч гэсэн шударга бус үйлдлийг дэлгэсэн хүнийг хэл амтай, шалчигнасан, матаач гэх мэтээр гоочилдог муухай зуршил манайд бас бий. Авлигыг илчилсэн, шүүмжилж буй хүнийг энэ цаг үеийн баатар нь гэж хүлээж авах ёстой. Нийгмийнхээ төлөө асаж байгаа хүн, муу муухайг илчилж буй хүн, манлайлагч, түүчээ нь гэж ойлгож, бүгдээрээ дэмжих ёстой.
-Иргэдийн оролцоотойгоор ил тод байдлыг бий болгож, улмаар хяналтаа тавьснаар авлигыг бууруулах боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Гэхдээ энэ нь манай нөхцөлд бодит болно гэдэгт эргэлзэж л байна.
-Монголчуудын ярьдаг дасан зохицох чадвар нь одоо цагт давуу биш, сул тал болоод байна. Бид дасан зохицох ёсгүй маш олон зүйлд дасчихаж. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, шударга бус явдалд бүр илүүтэй дасан зохицчихсон. Манай хулгайч уу, танай хулгайч уу гэж хэрүүл хийхээс биш, хулгай хийх нь зөв, буруу гэж ярихгүй боллоо. Хулгай хийсэн хүнийг адлахаасаа илүү хулгайлсан мөнгөө хуваалцаж байвал шударга хүн гэж үзэх хандлагатай. Хулгайлсан мөнгөө ганцаараа хэрэглэж байвал муу хүн гэдэг. Зөв, буруугийн тухай шалгуур нь тэс буруугаар эргэчихсэн. Ийм хандлагатай байхад бид сайн сайхан нийгмийг цогцлоох, шударга байдлыг бий болгох, улсаа хөгжүүлэх тухай ярих боломжгүй. Үүнийг анзаарч авлигын, хулгайн, албан тушаалын гэмт хэргийн, бидний дасан зохицоод байгаа шударга бус явдлын эсрэг цочроотой, мэдрэмжтэй байх хэрэгтэй.
Гэхдээ бидэнд найдлага бас харагдаж байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэдэг нэртэй боловч хүний эрхийг хаах, боомилох гэж байгаа хуулийг бид маш олуулаа эсэргүүцэж чадлаа. Манай байгууллагаас санаачилсан цахим гарын үсэг цуглуулах аянд 13 мянга орчим иргэн нэгдсэн. Цахим шуудангаараа дамжуулан баталгаажуулсан нь 7000 гаруй. Тэгэхээр бид илүү оролцоотой, хяналттай байх тусам хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж чадна. Зөв аргаар, зөв зохион байгуулалттайгаар, цахим талбарууд, технологийн боломжуудыг ашиглах тусмаа иргэд идэвхтэй оролцох боломж бүрдэнэ. Заавал 10 мянгуулаа талбай дээр гарч жагсаж байж асуудлыг шийдэх албагүй.
Бэлтгэсэн. Т.Мөнхтунгалаг