Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 35-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж ярилаа.
ТОВЧ МЭДЭЭ:
- Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөрөөр суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, зээл олгох суралцагчийн хяналтын тоог тогтооход баримтлах аргачлал баталж мөрдөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгалаа.
- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн чавхдаст, нумт, утсан хөгжмийн зэмсэг, дижитал концертын танхимын техник хэрэгсэл, дууны төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.