“Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас “Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал-2022/2023” тайлангаа гаргасныг “Монголын эмнести интернэшнл” ТББ-аас өчигдөр танилцууллаа. 2022 онд олон улсын дэг журамд эргэлт гарсантай холбоотойгоор хүний эрхийн нөхцөл байдал зогсолтгүй уруудах болсныг уг тайланд дурджээ. Орос, Украины дайнтай холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьж, Киевт цэргийн тусламж илгээсэн. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас ОХУ-ын довтолгоог эзлэн түрэмгийлэл хэмээн буруутгасан.
Гэтэл ижил нөхцөл байдалтай Саудын Араб, Египет, Палестины асуудлыг орхигдуулж, ялгавартай хандан, илт “хоёр нүүр” гаргасныг дурджээ. АНУ Украин дахь Оросын түрэмгийллийг эрс шүүмжилж, дайнаас дүрвэсэн олон украин иргэнийг хүлээн авсан. Тэгсэн атлаа 25 000 гаруй гайти иргэнийг хөөн гаргасан нь зохисгүй болохыг ч мөн онцолжээ.
Үүнээс гадна дэлхий даяар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрцгийгээр нухчин дарах болсныг дээрх байгууллагаас тэмдэглэжээ. Тиймээс энэ онд хүний эрхийг хамгаалахад эргэлт хийх жил байх ёстойг онцлоод, дэлхийн удирдагчид эл үйл хэргээс хойш суух нь хүн төрөлхтнийг ангал руу түлхсэн хэрэг хэмээжээ.
Монгол Улсын тухайд хүний эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор гурван асуудлыг уг тайланд онцлон дурджээ. Тухайлбал, дахин төлөвлөлтийн төслийн улмаас олон өрх орон гэргүй болж, амьжиргаагаа алдсан хэмээсэн байна. Мөн Монголд хүний эрх хамгаалагчид тагнуулын хэрэгт буруутгагдаж, энэ төрлийн айлган сүрдүүлэлтэд өртөж байгааг онцолсон аж. Үүнээс гадна манай улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болсон ч цагдан хорих газарт эрүүдэн шүүсэн хэрэг гарсаар буйг тэмдэглэжээ.