Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хүлээж аваад хэдийн хоёр жил хагасын хугацаа өнгөрлөө. Нийслэлийн 35 дахь Засаг даргаар томилогдсон тэрбээр 2020 оны аравдугаар сарын 23-нд тамгаа гардан авч байв. Улаанбаатар хотод бугшсан олон асуудлыг шийднэ гэсэн том амбицтайгаар тэрбээр УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзан, нийслэлд “газардсан”. Гэсэн ч бүрэн эрхийнх нь хугацааны талаас илүү нь улирчихаад буй энэ үед хотод яг юу хийсэн бэ, ялангуяа ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ гээд харвал дорвитой хэлэх зүйл бараг алга байгаа нь харамсалтай. Өнгөрсөн хугацаанд хотын дарга голчлон субботникийн шинжтэй ажлууд л гүйцэтгэж, “жинхэнэ” үүргээ гүйцэтгэхэд цаг бараг гаргаагүйг харж болно. Цаг хугацаа урссаар, түүнд нэг жил гаруйн хугацаа үлдээд байгаа. Өмнө нь амжуулж чадаагүй ажлуудаа ийм давчуу хугацаанд хэрэгжүүлж чадах уу.
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж, журамлахаар болсон талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ уржигдар мэдээлсэн. Одоогоор ийм байдалтай хаягдсан 30 гаруй машиныг олж тогтоосноо тэрбээр дурджээ. Тэдгээрийн эздэд мэдэгдэл хүргүүлж, ямар нэгэн арга хэмжээ шуурхай авахгүй бол машиныг нь ачиж, журамлах гэнэ. Хотын даргын сүүлийн субботник нь л энэ. Үүнээс гадна хашаа, гарааш, ТҮЦ, сурталчилгааны самбар, хаягийн байгууламж буулгаж, цэвэрлэгээ зохион байгуулсан зэргийг дурдаж болно.
...Уг нь хот юм бол, тэр тусмаа улсын нийслэл юм бол иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талбай, цэцэрлэг олон байх учиртай. Гэтэл бодит байдалд Улаанбаатарт таван минут тайван суух газар олоход ч бэрх. Хаа сайгүй л машин, цемент, барилга, хог, шороо. Ерөөсөө л Улаанбаатарт амьдрахад стресстэж, бухимдахгүй өдөр бараг үгүй...
Өнгөрсөн онд нийслэлд 5238 хашаа, гарааш буулгажээ. Тодруулбал, 4860 гарааш, 378 хашаа буулгаж, газрыг нь чөлөөлсөн байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригийн өмнө нь мэдээлж байснаар энэ онд 100 байршилд 10 322 метр хашаа, хайс буулгах гэнэ. Мэдээж энэ мэтээр зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгалгүй яах вэ. Үүнийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ эдгээр нь хийсэн гэж пиардаад байхаар сүртэй зүйл биш. Тэгээд ч 383 жилийн түүхтэй хотын дарга иймэрхүү жижиг сажиг зүйлээр “оролдож”, цаг нөхцөөмөөргүй байна. Нийслэлээс гадна дүүрэг бүрт нутгийн захиргааны байгууллагуудын том бүтэц, өчнөөн олон хүн ажиллуулдаг газар, хэлтсүүд бий. Бас хороо бүрт захиргаа, тодорхой ажил хариуцсан хүмүүс байна. Субботникоо тэд л хийж, хашаа, гараашнуудаа буулга л даа. Үгүй бол дүүрэг, хороо бүрт том бүтэц ажиллуулж, татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэхийн хэрэг байна уу.
Түүнчлэн хотын хэмжээнд байсхийгээд л их цэвэрлэгээ зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулахыг уриалж байна. Коммунист субботникийг санагдуулам бүх нийтийн цэвэрлэгээндээ “Ердөө 90 минут”, “Хоггүй шинэлье” гэх мэтээр гоё нэр өгдөг. Улмаар 700, 800 тонн хог цэвэрлэлээ гэх мэтээр гавьяа байгуулсан мэт пиар хийдэг нь хачирхалтай. Ингэлээ гээд хот цэвэрхэн болсон нь үгүй, хог, шороо нь бахь байдгаараа, өнгө үзэмжгүй, уруу дорой хэвээрээ. Угтаа нийслэлийн хогийг энэ мэтээр хааяа нэг хамж авах биш, хот тохижилтын байгууллага, ажилтан, ажилчид нь өдөр тутам цэвэр цэмцгэр байлгах үүрэгтэй. Нөгөө талаар манай улс социализмаас “татгалзаад” хэдийн 30 гаруй жилийн нүүр үзээд буй атал бүх нийтийг хог цэвэрлэх “үйлсдээ” татан оролцуулмааргүй байна.
Өвөл бол Улаанбаатарт цас битгий ороосой гэж иргэд байгаль дэлхийгээсээ гуйх хэмжээнд хүртлээ арга ядчихлаа. 30 минут явах учиртай газрыг машинаар 2-3, түгжрэл ихтэй үед 3-4 цагт туулах нь байдаг л үзэгдэл. Явган хүнд бол түгжрэлтэй үед нийтийн тээвэр нь ч олдохгүй, дүн өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсохоос аргагүйд хүрдэг зэрэг цөөнгүй бэрхшээл хотын иргэдийн толгойн өвчин болсоор байна.
Харин хот тохижилтын ажилтнуудынхаа тоог олшруулж, цалинг нь нэмээд, ажиллах нөхцөлийг нь сайжруулан, нийслэлээ үргэлж цэвэр цэмцгэр байлгахыг л иргэд хүсэж байгаа нь лавтай. Мөн нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарууд буулгах ажил өдгөө ид үргэлжилж байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байсан 58 самбарыг буулгасныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр мэдээлжээ. Жилийн жилд л ийм ажлыг нийслэлийнхэн хэрэгжүүлдэг. Яасан ч дуусдаггүй самбар юм, яагаад ч барагддаггүй ажил юм. Нэг нь буулгаад, нөгөө нь буцаагаад өлгөөд яваад байдаг юм уу, бүү мэд. Ингэж байнга ажил удаж байхаар зөвшөөрөлгүйгээр байрлуулаад байдгийг нь бүрмөсөн таслан зогсооход анхаарвал яасан юм бэ.
Хотын дарга бүр үүрэгт ажлаа хүлээж авангуутаа түгжрэл, утааг бууруулна, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэх мэтээр нийслэлийн иргэдийн эмзэг сэдэвт дөрөөлөн амлалт өгдөг. Д.Сумъяабазар ч энэ “уламжлал”-ыг тойроогүй, олон ажил хийхээ нэг бус удаа амласан. Дээр дурдсан гурван зүйл нь үнэхээр л Улаанбаатарт өдгөө нэн тулгамдаж, шийдлээ хүлээж буй. Өөрөөр хэлбэл, олон жил бугшсан, одоо л өөрчлөхгүй бол хожимдож мэдэх эдгээр асуудлыг “барьж авах” нь нийслэлийн Засаг даргын гол ажил байх учиртай. Харамсалтай нь, эдгээрийн алинд нь ч ахиц гаралгүй өдий хүрэв. Өнгөрсөн өвлийг л гэхэд хотынхон хорт утаанд “живж” давлаа. Арайхийн урин дулааны улиралтай золгож, улаанбаатарчууд урт, хүнд өвлийг даваад, агаарын бохирдол байгалийн жамаараа багассан нь завшаан гэлтэй. Уламжлал ёсоороо утаа ч дараагийн өвөл хүртэл түр мартагдах тийшээ хандаж байна. Хамгийн харамсалтай зүйл бол сүүлийн жилүүдэд манай улс, хот агаарын бохирдлоосоо яаж салах, үүнийг хэн хийх нь ч тодорхойгүй болтол балартсан явдал. Нийслэл үү, БОАЖЯ уу. Хотын дарга ч дуугүй, салбарын сайд нь ч таг чиг. Тэгэхээр ирэх жил ч биднийг хүнд өвөл угтах нь тодорхой гэсэн үг.
Түгжрэл бас л ялгаагүй “эзэнгүй” болоход ойрхон байна. Хотын дарга Д.Сумъяабазарын анх хөндсөн, шийднэ гэж амласан ажил уг нь энэ байсан. Үнэхээр ч нэн тэргүүний асуудал болчихоод буй нь ч үнэн. Гэтэл түгжрэл үгүй болох нь битгий хэл, багассангүй. Цас, бороотой өдөр хотын зам тэг зогсдог нь бараг жишиг болчихов. Өвөл бол Улаанбаатарт цас битгий ороосой гэж иргэд байгаль дэлхийгээсээ гуйх хэмжээнд хүртлээ арга ядчихлаа. 30 минут явах учиртай газрыг машинаар 2-3, түгжрэл ихтэй үед 3-4 цагт туулах нь байдаг л үзэгдэл. Явган хүнд бол түгжрэлтэй үед нийтийн тээвэр нь ч олдохгүй, дүн өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсохоос аргагүйд хүрдэг зэрэг цөөнгүй бэрхшээл хотын иргэдийн толгойн өвчин болсоор байна.
Уг нь түгжрэлд Засгийн газар хүртэл хүч нэмэн “гар дүрж”, хариуцсан сайд ч томилоод амжлаа. Тэглээ гээд нөхцөл байдал сайжирна гэсэн найдвар ер төрөхгүй байна. Үүнийг хэзээ шийдэх, цаашид яах вэ гэдэг нь ч тодорхойгүй. Гэтэл дарга нар хааяа нэг түгжрэлийг ярихаараа иргэдийг бухимдуулахаас хэтрэхгүй юм. Саяхан гэхэд замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Баянгол дүүрэгт хоёр чиглэлийн замын хөдөлгөөнийг өөрчлөх ажлыг туршихаар шийдвэрлэсэн нь бөөн будилаан үүсгэж, иргэд жагсахдаа тулсан. Ямартай ч уг зохицуулалтыг өнөөдрөөс туршихаар болсныг албаныхан өчигдөр мэдээлсэн. Уг нь замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд илүү далайцтай, томоохон арга хэмжээ авах ёстой атал энэ мэт жижиг зүйлээр “оролдож”, иргэдээ бухимдуулахын хэрэг юу билээ.
Цэвэр, тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатарын иргэдэд байдаггүй гэхэд болно. Үндсэндээ “энд хүмүүс амьдардаггүй, зүгээр л амьд үлдэхийн төлөө тэмцдэг” гэж өнөөгийн нөхцөл байдлаа зарим иргэн нийгмийн сүлжээнд маш оновчтойгоор тодорхойлоод байна. Уг нь хот юм бол, тэр тусмаа улсын нийслэл юм бол иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талбай, цэцэрлэг олон байх учиртай. Гэтэл бодит байдалд Улаанбаатарт таван минут тайван суух газар олоход ч бэрх. Хаа сайгүй л машин, цемент, барилга, хог, шороо. Ерөөсөө л Улаанбаатарт амьдрахад стресстэж, бухимдахгүй өдөр бараг үгүй. Ялангуяа хүүхдүүдэд тоглож наадах, эрүүл, цэвэр агаар амьсгалах газар ч алга. Энэ мэт олон ажил таны урд байна, хотын дарга аа. Тиймээс субботникоо хариуцсан хүмүүст нь даалгаж үлдээгээд, том асуудлуудаа ул суурьтай шийдэхэд анхааръя. Эс тэгвээс Улаанбаатар улам л уруудан доройтсоор байна.
Бэлтгэсэн: М.Оч