Оршин суух визийн хугацаа нь хэтэрсэн, ирсэн зорилгоосоо өөр ажил хөдөлмөр эрхэлсэн гаднын иргэдийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар албадан гаргадаг. Энэ сард тус газрынхан гэнэтийн шалгалт 12 удаа хийж, 13 ахуйн нэгжийн гадаадын 35 иргэн хамруулж БНХАУ, БНСУ-ын 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Монголд оршин суух бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлсэн 15 орны 127 иргэнийг 31 сая гаруй төгрөгөөр торгожээ.
Гадаадынхнаас гадна манай аж ахуйн нэгжүүд урьсан иргэнээ бүртгүүлэхгүй, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхээс гадна хууль бусаар оршин суулгаж, орон сууц, ажлын байраар хангасан зөрчил түгээмэл аж. Энэ сард дээрх зөрчил гаргасан 133 байгууллага, 667 иргэнийг 192 сая гаруй төгрөгөөр торгов.
Х.Хангал